Монгол АДБХОБ-ны үүсгэн байгуулагч болов

2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн бүс нутгийн дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах зорилгоор “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ыг үүсгэн байгуулах саналыг анх хэлэлцүүлсэн.
Энэ цагаас хойш АДБХОБ-ыг үүсгэн байгуулах ажил эрчимтэй явагдаж, АДБХОБ-ыг үүсгэн байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа БНХАУ-ын Бээжин хотын “Үндэсний Их Хурлын танхим”-д боллоо.
Монгол Улс АДБХОБ-ны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэж байгаа бөгөөд банк үүсгэн байгуулах хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэг зурлаа.
Тус гарын үсэг зурах ёслолд АДБХОБ-ны үүсгэн байгуулагч 57 орноос Австрали, Австри, Азербайджан, Бангладеш, Бразил, Бруней, Камбодж, БНХАУ, Египет, Финлянд, Франц, Энэтхэг, Индонези, Иран, Итали, Йордан, Казахстан, Люксембург, Малдив, Мальт, Монгол, Мъянмар, Балба, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Оман, Пакистан, Португали, Катар, Солонгос, Орос, Сауди Араб, Сингапур, Испани, Шри Ланка, Швед, Швейцар, Тажикстан, Турк зэрэг 50 орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд үлдсэн 7 үүсгэн байгуулагч гишүүн орнууд 2015 оны эцэс хүртэл хэлэлцээрт гарын үсэг зурах эрх нь нээлттэй байх юм.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв оффисыг Бээжин хотноо байгуулахаар тохиролцсон бөгөөд 2015 оны эцсээр банк үйл ажиллагаа бүрэн эхлэхээр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ