Ходорковскийг дахин байцаахаар болжээ

Оросын газрын тосны магнат Михаил Ходорковскийг дахин байцаахаар болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ. 1998 оны зургаадугаар сарын 28-нд Сибирийн хотын захирагч Владимир Петухов ажилдаа явж байхдаа буудуулж амиа алдсан юм. Захирагчийн үхлийг захиалсан хэмээн Ходорковскийг тухайн үед шалгаж байжээ.
Газрын тосны “ЮКОС” компанийн үйлдвэрлэлийн томоохон нэгж тус хотод байрладгаас гадна хотын захирагч Ходорковскийг байгаль орчинд хөнөөл учруулж байна хэмээн буруутгадаг байсан юм. “Ходорковскийн сэжиглэгдэж байсан хүн амины хэрэгт шинэ нотлох баримт гарч ирсэн тул холбооны мөрдөгчид түүнийг дахин байцаахаар болсон” хэмээн Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Шинэ нотлох баримт Ходорковскийг эсрэг чиглэж байгаа хэмээн гэрчүүд мэдээлэв. Ходорковскийг 2003 онд татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 27-нд Ходорковский өршөөлөөр суллагдаж, гэр бүлийнхээ хамтаар Швейцарь явсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ