Донецк тусгаар улс болно

Украины зүүн хязгаарын Донецк мужид эрхээ тогтоож Бүгд найрамдах улсыг байгуулсан Александр Захарченко хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ирэх аравдугаар сард бие даасан сонгууль явуулахаа мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав. Энэхүү сонгуулийн дараа удирдлагууд Донецкт л хүчин төгөлдөр үйлчлэх хуулийг санаачилж, бие даасан тусгаар улс байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. “Украины Засгийн газар сонгуульд нь хөндлөнгөөс оролцсон тохиолдолд салан тусгаарлагчид “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээг үл тоон галт зэвсэг ашиглаж, газар шороогоо дайснаас хамгаалах болно” гэж Захарченко мэдэгджээ.
Донецкт халуун ус, цахилгаан тасраад хагас жил болж байна. Захарченко энэ асуудлаар Оросын удирдлагуудтай ярилцах хүсэлтэй байгаагаа хэвлэлийнхэнд уламжилж “Бид Украинаас гуйхыг хүсэхгүй байна” гэжээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Салан тусгаарлагчид бол дайсан. Тэд эх орныг минь өмчлөх учиргүй” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ