Эд хөрөнгийн барьцааны хуулийг баталж, хувьчлалыг хойшлуулав

img

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр  цаг сунган хуралдлаа. Хуралдаанаар  зарим хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Байнгын хорооноос уг хуулийг 2016 оны 9 дүгээр 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь нэгдсэн хуралдаанаас дэмжигдэв. Ингээд хуулиудын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн  саналаар хуулиудын төслийг эцэслэн баталлаа.

 

Дараа нь Галын аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар  саналаар дэмжигдэж, хуулийн төслүүд батлагдсан юм.

 

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсний дараа хуулиудын төслийг бүхэлд нь батлах саналыг хуулийн төсөл тус бүрээр хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

 

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Тус байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж, УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

 

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад төслийн 3.1.4 дэх заалтын ““Хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж” гэсний дараа “хот, суурин газраас бусад газарт” гэж нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь, хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг 55.4 хувь нь дэмжсэн юм. Ингээд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийг эцэслэн батлав.

 

Дараа нь “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулах явцад тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь тогтоолын төслийн зарим заалтын талаар байнгын хорооны хуралдаанаар эргэж ярилцах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг дэмжсэн юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ