Хөлгийн ахмадыг баривчилжээ

Филиппиний Ормок хотын боомтын ойролцоо 173 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон билээ. Ослын улмаас 32 хүн амиа алдаж, 16 хүн сураггүй алга болжээ. Хөлөгт 173 зорчигчоос гадна багийн 15 гишүүн зорчиж явсан юм. Гэрчүүд “Kim-Nirvana хөлөг боомтоос хөдлөөс 14 минутын дараа осолдсон” гэж мэдэгджээ.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч хөлөг боомтоос хөдөлсний дараа ахмад огцом эргэлт хийснээс болж хөлөг хажуугаараа унасан гэв. Ахмадын яриагаар үзэгдэх орчин муу байсан учир аюулгүй байдлын үүднээс эргэлт хийж, буцаж боомт руу очихоор төлөвлөж байсан ч бүтэлгүйтсэн гэжээ. Улаан Загалмай нийгэмлэгийн элч нар ослын газар ажиллаж, зорчигчдод яаралтай тусламж үзүүлж байна. Аврагчид 134 хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.
Филиппиний цагдаа нар өнөөдөр 7.00 цагийн үед эмчилгээ хийлгэж байсан хөлгийн ахмад болон багийн гишүүдийг баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Зорчигчид ахмадын буруутай үйл ажиллагаанаас болж хөлөг осолдож, олон хүн амиа алдсан гэжээ. Мөн нэрээ нууцалсан гэрчийн ярьснаар “Хөлөг осолдох үед жолоог ахмад бус багийн нэг гишүүн барьж явсан” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ