Грект зээл олгохоос татгалзлаа

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард өчигдөр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай утсаар ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд цаг орчим ярилцсан аж. “Грект дахин зээл олгохоос Лагард татгалзсан” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Грек улс өнгөрсөн сарын 30-ны 23.30 цагаас өмнө ОУВС-аас зээлсэн 1.6 тэрбум еврогоо эргүүлэн төлөх ёстой байсан ч хугацаандаа төлөөгүй юм. Лагард “Бид Грект боломж олгосон. Бид тохиролцоонд хүрч мөнгө зээлүүлсэн. Бид заасан хугацаандаа мөнгөө эргүүлэн авахыг хүссэн ч та бүхэн бидний итгэлийг алдаж, зээлээ төлөөгүй. Тиймээс дахин зээл олгохоос татгалзаж байна. Та миний шийдвэрийг хүндэтгэн үзэж, өөрийгөө зээлдэгчийн байр сууринд тавьж үзэхийг хүсч байна” гэж хэлжээ.
Ципрас өчигдөр сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Орос бидний сүүлчийн боломж” гэжээ. Тэрбээр ойрын өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.
ОУВС-аас гадна Европын холбооны Ерөнхийлөгч Дональд Туск “Грекийг өмнөх өрөө төлөх хүртэл ямар нэгэн байдлаар тусламж болон шинэ зээл олгохгүй” гэж мэдэгджээ. Грек эдийн засгийн хүндрэлээсээ гарахад хамгийн багадаа 50 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь тус улсын гадаад дахь өр хэдийнэ 300 тэрбум ам.долларт хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ