Грект туслахыг хүсч байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар өчигдөр утсаар ярьсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгчид Украины зүүн хязгаарын асуудал болон Грект саяхан болж өндөрлөсөн бүх нийтийн санал асуулгын талаар байр сууриа солилцсон” гэж мэдэгджээ. Грекийн нийт иргэдийн 61.31 хувь нь “Үгүй” хэмээж Европын холбоогоос санал болгож буй зээлийг авч, бүсээ чангалахаас татгалзсан юм. Путин Грекийн удирдлагуудтай уулзаж, зээл олгох эсэх асуудлаар ярилцахыг зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Орос улс Грект туслахыг хүсч байна” гэж хэлжээ. Олланд Грекийг Европын холбооноос гарвал дахин зээл олгохгүйгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Удирдагчид мөн “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2” гэрээний талаар ярилцжээ. Олланд Минскийн гэрээ зүүн хязгаарт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буйг онцолсон байна. Путин “Украины удирдлагууд зүүн хязгаарын хямралд Оросыг буруутгасаар байгаа. Энэ асуудлаас болж хоёр орны дунд хүйтэн харилцаа үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Орос, Украинд туслахыг хүсч байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Оросоос хүмүүнлэгийн бараа ачсан 100 ачааны машин Донецк, Луганск мужид хүрсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ