Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр намын удирдлагуудтай уулзаж сүүлийн үед үүсээд байгаа Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ыг төлөөлж Н.Батцэрэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нар оролцлоо.
МАН-ыг Засгаас гаргах нь хууль зөрчсөн үйлдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Сүүлийн хэд хоногт үүссэн асуудлыг нилээд харж суулаа. Энэ Засгийн газартай холбоотой үүссэн асуудал сайн зүйл рүү хүрэхгүй учраас үндсэн таван чиглэлээр өөрийн байр суурийг илэрхийлье.
Гэрээний биелэлтийг зөв дүгнүүлмээр байна
УИХ-ын дэд дарга, МАН дарга М.Энхболд:
-Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний дүгнэлтийг АН хэтэрхий өөрийнхөө талд гаргасан байсан. Тийм учраас юуны түрүүнд энэ гэрээний биелэлтийг зөв дүгнүүлэх хүсэлтэй байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаран ярьж байж Засагт хамтрахаар болсон. Манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаях болчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайдыг манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ дээр оруулж ирэхийг хүсч байна.
АН Засгийн газрыг огцруулахгүй
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:
- Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд ч МАН өнгөрсөн оны 12 дугаар сард хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна.
Зургаан сайд огцруулах асуудлыг би оруулж ирэхгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
- Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээн дэх ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй.
АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу
МҮАН-ын дарга М.Энхсайхан:
-Энд төр нь дээр үү, нам нь дээр үү гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна.
Намуудтай ойлголцолд хүрч чадлаа
ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл:
-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эхлээд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тиймээс улс төрийн намуудын санал хүсэлтээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа.
Ийнхүү намуудын дарга нар байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгч "Нэг нам нь ярилцаад Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд тэрийг нь нөгөө нам нь хүлээж аваад тэгье гэдэг зүйл байж болохгүй. Үнэхээр болохгүй сайд нар байгаа бол Ерөнхий сайд хариуцлага ярих ёстой.
Мөн Ерөнхийлөгч сонгуулийн ажлыг сонгуулийн үедээ л хийх ёстой. Тэрнээс одоо бол зөвхөн төрийн ажлыг л хийх ёстой. Өнөөдөр намуудтай ойлголцолд хүрч чадлаа гэж бодож байна" хэмээсэн юм.
Н.Энхлэн