Би ч бас муухан хуульч

Хуульзүйн байнгын хорооны гишүүд үг, хэлээ ойлголцохгүй мэтгэлцэж, зарим гишүүд нь байнгын хорооноосоо гарахаа мэдэгдээд байгаа билээ. Учир нь Ц.Нямдорж нарын гишүүн тус байнгын хорооны дарга Д.Ганбатыг "хууль гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна" гэх шүүмжилсэн.
Тэдний үл ойлголцол Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх үед бүүр ч хүчтэй явагдсан. Өнөөдөр тус байнгын хорооны хуралдааны Эрүүгийн хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар хуулийн төслийг хойшлуулах горимын санал гаргасан ч дэмжигдээгүй. Тиймээс О.Баасанхүү нар уг хуулийн төсөлд эсрэг байр суурьтайгаа мэдэгдэж, картаа сугалан хуралдааныг орхин гарсан. Ингэснээр Хуульзүйн байнгын хорооны хуралдаан 50 хүрэхгүй хувийн дутуу ирцтэйгээр үргэлжилж явагдсан юм.
Хуралдааны үеэр гишүүн З.Баянсэлэнгэ “Эрүүгийн хуулийн төсөл нь яг одоо ял эдэлж буй 8000 гаруй хүний амьдралтай холбоотой. Хуульч гишүүд гэх юм, би ч бас муухан хуульч. Тэгээд эцсийн шатанд хуулийг гацааж байгааг гайхаж байна. Энэ хууль төгс төгөлдөр болоогүй байж магадгүй. Засч сайжруулах зүйл бий. Хуулийн төсөлд тусгасан хуулийн этгээдийг торгох ял оногдуулах хэмжээг тодорхой хэмжээнд бууруулсан гэж бодож байгаа.
Энэ хууль 2002 оны хуулиас зарчмын хувьд маш том ялгаатай. Яллагдагчийн эрхзүйн байдлыг дордуулдаг зүйл байхгүй болсон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан хор хохирлоо арилгасан залуучуудад боломж олгох хууль. Энэ хуулийг батлаад явуулах ёстой. Засч залруулах зүйл байвал явцын дунд засаад явах боломжтой. Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн үед хуульч нэрийн дор гацаах гэж байгааг гайхаж байна. Энэ бол цэвэр улс төр” хэмээлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ