Ипотекийн зээлийг 10 хувийн урьдчилгаа, 30 жилийн хугацаатай болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар цаг үеийн 30 гаруй асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэсэн байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм.
80 мкв-аар хязгаарлах эсэхийг судална
Тэрбээр мэдээлэлдээ:
-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн баталгааны тухай журмыг баталлаа. 2013 онд ипотекийн зээлийг анх гаргаж байсан. Найман хувийн хүүтэй, 30 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийг 20 жилийн хугацаатай олгож байсан. Сүүлийн үед барилгын компаниудын барьж байгаа орон сууцны хэмжээ нэмэгдсэн. Одоогийн байдлаар зах зээлд борлогдоогүй байгаа 30 гаруй мянган орон сууц байна. Орон сууц авах хүсэлтэй иргэд байгаа боловч эдийн засгийн хүндрэлээс болж ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тиймээс ипотекийн зээлийн баталгаа гаргаж 30 хувийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулж байгаа. Үлдсэн 20 хувьд нь хөгжлийн банкнаас баталгаа гаргах юм. Тэгэхээр иргэд 10 хувийн урьдчилгаагаа төлөөд энэ журамд хамрагдах боломж нээгдэж байна. 20 жил байсан зээлийн хугацааг 30 жил болгосон.
Байрны хэмжээг 80 ам.метрээр хязгаарлахгүй байх нь зүйтэй гэдэг дээр Засгийн газрын гишүүд санал нэг байгаа. Тиймээс энэ асуудлыг судлаж аравдугаар сард танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгосон.
Тус зээлд өөрийн гэсэн орон сууцгүй, 18 насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, Монгол Улсын иргэн байх ёстой. Мөн банкны ипотекийн зээлийн шалгуурыг давсан байх, нийгмийн даатгалын шимтгэлээ сүүлийн хоёр жил тасралтгүй төлсөн, ипотекийн зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэдэд нээлттэй.
Одоо баригдаад байгаа барилгын 76 орчим хувь нь 80 ам.метрээс доош хэмжээтэй байгаа. Барилгын салбарынхан ипотекийн зээлд хамрагдсан иргэдэд байраа борлуулахын тулд бага хэмжээтэй байр барьж байгаа. Зураг төслөө хүртэл жижигрүүлж байгаа нь зохимжтой биш. Цаашдаа 80 ам.метр гэсэн босготой байна. Илүү гарсан ам.метрийг нь арилжааны банкны зээлийн шугамаар шийдвэрлэж болно гэж үзэж байгаа. Энэ тухай шийдвэр аравдугаар сард эцэслэн гарна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гаргалаа
2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, Засгийн газрын тогтоол баталлаа. Тогтоолоор, эхлээд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөө хэрэгжих явцад байнга хяналт тавьж ажиллана. Зарим шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэхийг ХХАА-н сайдад үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой өмнө нь хийж ирсэн ажлуудаа эртнээс бэлтгэе гэсэн 10 гаруй заалт бий. Нийт малчид, иргэдэдээ Засгийн газраас уриалга гаргасан. Гангийн шинжтэй, таримал болон бэлчээрийн ургац тааруу байгаатай холбоотой бичин жилийн байгаль цаг агаарын сануулга ирж байна. Тиймээс цагийн сайханд назгайралгүйгээр өвлийн бэлтгэлээ малчин бүр хичээнгүйлэн хангаж ажиллахыг Засгийн газраас уриалж байгаа. Дээр нь хадлан тэжээл авахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллага, орон нутаг онцгой анхаарахыг сануулсан. Малын тарга хүчийг сайн авахуулах, хадлан тэжээлээ бэлтгэх, өвөлжилтийн бүс нутгуудыг эртнээс тогтоож, орон нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран гэрээгээ эртнээс байгуулж бэлчээрийг зөв тогтоох нь чухал гэдгийг ХХАА-н сайдад хандаж анхааруулсан. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малчны эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор ЭМС-ын сайдад үүрэг өгсөн. Мал аж ахуйн салбарт ажилладаг хүмүүст шаардлагатай эм тарианы нөөцийг бүрдүүлэх, эмчилгээний явуулын үйлчилгээг төлөвлөгөөтэйгээр гаргахыг ЭМС-ын сайдад даалгасан. Өвөл, хаврын цагт зам, даваа гүвээг нээлттэй байлгах асуудалд шаардагдах техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулахыг ЗТ-ийн сайдад үүрэг болгосон байгаа. Бэлчээрийн даац хэтэрч, малын тоо толгой олон байгаа учраас мал сүргийн зохистой харьцааг бий болгож, малын махыг гадагш нь гаргаж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авахыг ХХАА-н сайдад үүрэг болголоо.
Дараагаар нь зориудаар үүлэнд нөлөөлөх ажлыг зохион байгуулж, гантай байгаа газруудад бороо хур оруулах ажлыг БОНХАЖ-ын сайдад үүрэг болголоо. Энэ тогтоолын хэрэгжилтийг 11 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ХХАА-н сайд Р.Бурмаад үүрэг болгосон юм. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийн талаар Эрчим хүчний сайд Д.Зориг танилцуулга хийсэн гэлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Сайд нарын амралт хэрхэн гарч байна вэ?
-Наадмын дараагаар сайд нар амрахгүй. Албан ёсны ажлын өдрийн хуваарийн дагуу ажиллана.
-МАН-ын сайд нарын асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэх болов уу?
-МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирэхгүй гэдгээ өөрөө өчигдөр мэдэгдсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ