Үндэсний бүтээн байгуулалтын компаниудыг төр дэмжинэ

img

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-нд Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн “Чингисийн зам” төслийн ажлын явцтай танилцсан байна. 

 

Хойд хилээс урд хил хүртэл нийт 1000 км замыг хоёр урсгал, зургаан эгнээтэй барих ба зам дагуу дэлгүүр, зоогийн газар, зочид буудал бүхий амралт үйлчилгээний цогцолборууд, зам засварын нэгжүүд олноор баригдаж олон мянган ажлын байр бий болно. Мөн зам барилгын ажлын явцад 20-30 мянган түр ажлын байр бий болох бөгөөд мөн манай улсын олон зуун компанид бизнесийн орон зай бүрдэх юм байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд уг төслийн ажлын явцтай танилцаад “Монгол Улс байршил болоод өөрийн баялаг, нөөц бололцоондоо тулгуурлан хөрш орнуудтайгаа хамтран ажиллах, улмаар дэд бүтцийн том бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, гадаад зах зээлд гарч бусад орнууд руу бүтээгдэхүүн, түүхий эд, эрчим хүч экспортлох боломжтой. Үүний нэг жишээ нь энэ хурдны авто зам юм. Бид үндэсний компаниудынхаа томоохон төслийн зөв зохистой санаачлагуудыг дэмжин ажиллах болно.

 

“Чингисийн зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд засаг төрийн зүгээс гаргах ёстой шийдвэрүүдийг хурдавчлах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төр бүх талаар дэмжин ажиллах ёстой” хэмээн уулзалтын үеэр онцолсон байна.

 

Хурдны авто замын энэхүү бүтээн байгуулалтын ажилд Их Британи, Итали, Франц, Испани, БНХАУ болон ОХУ-ын дэлхийн хэмжээний томоохон компаниуд оролцож байгаа ажээ. Уг хурдны зам нь Монгол улсад баригдаж буй хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд Туул, Орхон голууд дээр 2 км орчим урт татлагат гүүр мөн уулархаг газруудад хэд хэдэн хэсэгт туннель барих юм байна.

 

Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн  “Чингисийн зам” төсөл нь Азийн хурдны авто зам сүлжээний нэг хэсэг бөгөөд хойшоо ОХУ-ын Транс-Евразийн гол замтай нийлэх, урагшаа БНХАУ-ын Бээжин хотоор дамжин Тянжин боомт хүрэх хурдны замын Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүрх хэсэг  байх юм.

 

Уг төслийг хэрэгжүүлэгч “Чингис лэнд девелопмент групп” өнгөрсөн жил гарангийн хугацаанд зам барилгын ажлын өмнөх бүх бэлтгэлийг хангасан байна. Энэхүү төсөл нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй манай улсын хамгийн том төсөл юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 10-12 тэрбум ам.доллар болох ажээ.

 

Концессийн гэрээгээр төрөөс санхүүгийн баталгаа шаардахгүй, төсөвт хүндрэл учруулахгүйгээр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт босгон бүтээн байгуулалтдаа зориулахаар ажиллаж байгаа ба уг хурдны замыг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулах зорилт тавьсан  байна.

 

Дашрамд дуулгахад, 1963 онд Энхтайваны гүүрийг барьж байсан СССС компани Туул гол дээгүүр барих 2 км орчим татлагат гүүрийн зураг төслийг боловсруулах ажил дээр мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа юм.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ