Цэргийн баазад хулгай оржээ

Францын өмнөд хэсгийн Марсель хотноо байрлах “Miramas” цэргийн баазын зэвсгийн агуулахад хулгай орсон тухай “www.theguardian.com” мэдээллээ. Хулгайчид агуулахаас их хэмжээний тэсрэх бодис хулгайлсан хэмээн тус баазын командлагч мэдэгджээ. Ойролцоогоор 180 тэслэгч, 40 гар бөмбөг, 250 граммын 10 хайрцаг пластик тэсрэх бодис хулгайд алдагдсан байна.
Агуулахад хулгайч нэвтрэх үед баазад ойролцоогоор 160 гаруй хүн мөн үнэрч ноход байсан гэнэ. Хулгай орох үед хяналтын камер хэвийн ажиллаж байснаас гадна агуулахын ойролцоо 10 гаруй цэрэг хамгаалалтад гарсан байжээ. Цэргүүд хулгайчдын мөрөөр мөрдлөгө явуулж байгаа аж. Баазын удирдлагууд тэнд байсан бүх хүнийг байцааж, хамсаатныг нь олохыг тушаасан гэнэ.
Их хэмжээний тэсрэх бодис алдагдсан учир Францад дахин террорист халдлага гарч болзошгүй хэмээн Батлан хамгаалах яамнаас сэрэмжлүүлсэн байна. Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан хулгай орсон цэргийн баазыг аюулгүй байдлын үүднээс 15 хоногийн дотор өөр газар руу шилжүүлэхийг үүрэгдэж, хулгайчдыг нэн даруй барихыг шаарджээ. Мөн Ерөнхийлөгч Франсуа Олланд санаа зовж буйгаа баазын удирдлагуудад мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ