Тоглоомын өрөөнүүд хүлээлгэн өгнө

img

Нийгмийн сайн сайхны төлөө залуучууд нэгдэн өөрсдийн сэтгэл зүрх, цаг заваа зориулан Монгол орныхоо хойч ирээдүй болсон бяцхан үрсэд баяр баясгалан, гэрэл гэгээ нэмэхээр “Dream Corner” төслийг санаачлан хэрэгжүүлж буй.

 

Уг төслийг хандив босгох олон төрлийн үйл ажиллагаанд суурилан Найрамдал Ротаракт клуб 2014 оноос эхлэн хэрэгжүүлж, гурван тоглооомын өрөөг тохижуулсан аж. Харин 2015 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Найрамдал Ротаракт клуб нь “Dream Corner 2015” төслийг Улаанбаатар хотын долоон дүүргийн эмнэлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр зэрэг нийт найман газарт хэрэгжүүлж эхэлсэн байна.

 

Dream Corner 4, 5 өрөөнүүдийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байр болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус тус болох юм байна.  Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид, хамтран ажилласан байгууллага, Ротари төлөөлөл хүрэлцэн ирэх аж.

 

Төслийн хүрээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан тохь тухтай тоглоомын өрөө, эмчилгээний өрөө, гадаа тоглоомын талбай зэрэг ээлтэй орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Ингэснээр өвдөж шаналж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин, тэдний тоглох болон хөгжих боломжийг хангах, олон нийтэд үлгэрлэх, өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой ажээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ