Газар шороо, уул ус маань дахин нөхөн сэргээгдэхгүйгээр өмөрч байна
2015-07-09

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын ордыг ухаж байгаа нинжа нарын олборлосон алтнаас улсын төсөвт орлого орох уу, сүйтгэгдэж буй байгаль, ухагдсан нүх, сэндийчсэн газарт нөхөн сэргээлт хийгдэх үү. Нөхөн сэргээлтийг хэн хийх вэ? Хамгийн гол нь хэдэн иргэн ажлын байртай болж, хичнээн өрхийн амьдрал ахуй нь дээшлэх вэ? Ийм нэг бодол толгойд эргэлдсээр...

 

Бидний нэрлэдгээр “нинжа" нэртэй хувиараа ашигт малтмал олборлогчид Гацууртын ордод үнэхээр алт олборлоод байдаг эсэх талаар сонирхмоор санагдаад энэ ордыг зорьлоо.

 

Сүрлэг сайхан, биширмээр, уул ус нь жигдэрсэн бурхны орон гэмээр газар бол Ноён уулс. Байгалийн сайхан бүхэн бүрдсэн үзэсгэлэнтэй энэ уулсын ойролцоох Гацууртын ордод “нинжа” нар байна. Зам зуур мотоцикль сундалсан залуучууд нилээн тааралдав. Тэд богино иштэй алх зэрэг багажаа ардаа бэхлээд сундалдацгаан явж байсан. Мөн улсын дугааргүй, УАЗ-469 маркийн авто машин тоос бусган давхина. Ачааны “31” маркийн авто машины ачаан дээр бас хэд хэдэн хүмүүс суучихсан явна. Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн ч биелүүлэхгүй бөгөөд “бурхангүй газрын бумба галзуурав” гэгчээр юм болдог ажээ.

 

Гэтэл сүр дуулиан болгож, уул ус, нутаг орноо ухаж төнхүүлэхгүй хэмээн лоозогнож, өлсгөлөн хүртэл зарлаад авсан “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийхөн хаана явна вэ. Замын хажуугаар ганц нэг “Ноён уулаа аваръя, Монголын газар нутгаас харийнхныг зайлуулъя” гэсэн лоозон бүхий үгтэй плакат байрлуулснаас өөр зүйл алга. Харин ар хударгаар нь аалзны шүлс шигторлон, сохор номин шиг газар ухагчид уул усыг маань харин ч нэг хөндөөд байгаа юм биш үү. Би явсаар “зогс” гэсэн хаягтай хэрнээ хаалга, хашаа нь эвдэрчихсэн газар тулан очлоо. Анхааруулга тэмдэг, санамж байх авч, Сентерра гоулд Монголия компанийн хамгаалалтын хашааг эвдэлсэн бөгөөд хаалтын хажуугаар дайран ордог машины зам зурайж байлаа. Энд авто машины хоёр салаа зам харагдана.

 

Нэг нь Гацууртын ордын талбай руу очдог сайжруулан зассан зам, нөгөө нь энэ замаасаа баруун гар тийш салаад огцом дээшээ өгссөн зам байлаа. Ийшээ давхар мосттой авто машин л гарах боломжтой. Харин миний унаж ирсэн хүн тээврийн жижиг тэрэг хавьтахгүй бололтой. Дээшээ уулын орой руу гарсан зам буюу явганаар бол лав 10 км алхаж очдог юм байна. Намайг энэ байдлыг харан байтал дээрээс 2 хүн явганаар бууж ирлээ. Тэд надтай уулзах янзгүй гайхаж байв. Тэгээд л тэндээ хүлээж байсан Орхон аймгийн дугаартай жижиг тэргэнд суугаад яваад өгсөн. Харин тэр тэрэгний хаалга онгойход арын суудлын дор нь шуудайтай шороо харагдаж билээ.

 

Тэнд бас нэг жижиг тэрэг зогсоно. Тэр машин явах эзнээ л хүлээж байгаа бололтой. Жолооч нь унтаад гарч ирэхгүй юм билээ. Бид ч хамгаалалтын эвдэрсэн хаалгаар нь орж цааш хаашаа хүрэхийг мэдэхээр сайжруулсан замаар нь явж байгаад нилээн хэсэг явсны дараа дахин хамгаалалттай хашаанд тулж, Сентерра гоулд ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнуудтай туллаа. Тэднээс энэ хавиар нинжа нар байдаг уу гэхэд, “Өө, энд тэндгүй байгаа. Хулгайгаар мэдэгдэхгүй хаагуур ч хамаагүй орчихдог. Бид хүчирхдэггүй гэж тайлбарласан.

 

Эндээс буцах замдаа мотоцикль сундалсан 40 эргэм настай 2 залуутай уулзаж яриа өрнүүлсэн. Тэд орой эргээд ууланд гарна хэмээн хэлэхдээ биднээс “Та нар уулнаас ирж байгаа юм уу, алтны хүмүүс үү” хэмээн асуув. Бид юу гэж хариулахаа мэдэхгүй жаахан тээнэгэлзсэн шүү. Гэхдээ яриа өрнүүлсэн. Бид “М" гэгч залууг машиндаа суулгаж аваад замаа замчлуулсан. Тэд ууланд мотоцикльтойгоо гардаг аж. Бас машинтай. Машиндаа чулуу, шороогоо ачиж аваад л явдаг байна. Бидний “замчин'''' арван тав, зургаан жил хувиараа алт олборлож байгаа юм байна. Тэр ярихдаа: “Энэ ордоос ухаж гаргасан 25 кг-ийн шуудайтай чулуу, шорооноос арай “лан" хүрэхгүй хэмжээний алт гардаг. Хүннүгийн булш байхгүй ээ, Төв аймагт байдаг гэсэн. Би тийм юмтай ер нь таарч байгаагүй. Харин Баянхонгорт бол аз таарвал “лан” алт гарна шүү. Өнгөрсөн жил би Баянхонгорт очиж алт ухсан. Хонгорт байдаг хүмүүс “хажууд чинь ойрхон алт байхад үхсэнээ хийж энд ирдэг байна аа” гээд л... байна лээ. Баянхонгорын алт сорьц багатай байдаг юм хэмээлээ.

 

Одоо Гацууртын ордод хувиараа алт олборлогч хэдэн хүн байгааг сонирхоход, “урд нь хөл толгой нь мэдэгдэхгүй олон хүн байсан. Харин ойрдоо орон нутгийнхны наадмууд болоод цөөрсөн байна. Гэхдээ цөөндөө л 100-гаад хүн байгаа. Орой болохоор “овгор”-ууд, бас “босс”-ууд нь орж ирнэ. Гал галаараа нүхээ хамгаална. Энд чинь бас хөөрхөн юм болно шүү дээ. Зарим нь дээрэмдэнэ. Нудралцаан болно гэж ярьлаа.

 

“Босс” гэдэг нь мөнгөтэй нь, “овгор” гэдэг нь шорон оронгоос гарсан зөөлнөөр хэлэхэд “танхайчууд” ажээ. Энд бас бичигдээгүй хууль үйлчилдэг. Зарим нь нүхээ өдөр шөнөгүй хамгаалж, нүхэндээ хүн оруулаад тавь тавин хувиар олзоо хувааж авна. Энэ бол миний ойлгосноор “дошны тарвага” юм уу даа. Зүгээр нүх хараад л баяжаад байх нь. Зарим нь шинээр өөрийн гэсэн нүх ухаж түүнийгээ өөрсдөө авна. Энэ бол хуваахгүй гэсэн үг. Гэхдээ чоно борооноор гэпнээр оройдоо ирдэг босс, овгоруудад олзныхоо хагасыг нь алдах магадлалтай.

 

Энэчлэн нэг удаагийн явалт буюу нэгээс хоёр хоногт хамгийн доод тал нь долоон зуун мянган төгрөгний орлого олдог байна. Тийм учраас зарим нь “зүгээр байхаар ууланд гараад ирье” гээд хэрэгцээнийхээ мөнгийг Ноён уулын байгалийн хишгээс олчихоод дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Харин эд нар татвар хэзээ ч төлөхгүй, байгалийн нөхөн сэргээлт хийх талаар бүр санаад ч хэрэггүй. Тэгээд бас мөнгө хэдий олдог ч чинээлэг, сэтгэл амгалан амьдрал энд алга аа. Тэд үхэл амьдралтай тэмцэн байж хууль бусаар 4 мөнгө олж байна.

 


Энд Монгол улсын хууль хэзээ ч үйлчилж чадахгүй. Албаны эх сурвалжаар Мандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ц.Ганболдоос тодруулахад:

 

Бид хэд хэдэн удаагийн тохиолдолд газар дээрээс нь нинжа нарыг тараасан. Энэ байдал Гацууртын талбайд болж байгаа. Гэхдээ давхардсан тоогоор 70-аас 80 хүн бий. Энэ бол хууль бус үйл ажиллагаа учраас бид арга хэмжээ авч, хүмүүсийгтарааж, буулгадаг. Техникхэрэгслийг нь саатуулдаг. Гэвч, нууцаар эргээд гарчихдаг. Тэд хаагуур ч хамаагүй дураараа явж байна хэмээсэн юм.

 


Мөн Түнхэл тосгоны захирагч С.Раднаабазар:

“Гацууртын ордод нинжа нар байгаа нь үнэний хувьтай. Сентерра гоулд компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас нинжа нар “хаана мөнгө олох арга байна" тэнд хүрч байна. Бид хөөлөг, туулга хийгээд байгаа ч тэднийг хүчрэхгүй байгаа юм. Хууль ёсоор бол болохгүй асуудал. Ер нь хүндхэн байна” гээд аргаа барсан янзтай байсан.

 

Ийм л амьдрал энэ ууланд эргэлдэж байна. Зүгээр байхаар ууланд гарч алт олъё гэдэг хүмүүсийн хувьд “эргээд хоёр хоноод ахиад мөнгөтэй болно” гэсэн сэтгэлгээ бүр тогтчихсон учраас ихэнх нь төгрөг хэмээх эргэлтийн хөрөнгийг юман чинээ бодохгүй, ашиггүйгээр зарцуулж, архидан согтуурч, нийгмийн эмх замбараагүй, засаг захиргаагүй байдал бий болж, оюуны ядуурал энд нүүрлэж байна.

 

Харин цаана нь байгаль дэлхий, нутагус, газар шороо маань нүдэнд үл үзэгдэх аалзны торонд хүлэгдэж, дахин сэргээгдэхгүйгээр өмөрч байна.

 

Монгол Улсын стратегийн ордод бүртгэлтэй энэ ордын газар нутгийг Монгол улсын Засгийн газар анхааралдаа авахгүй бол улсад ашиггүй, нийгмийн хөгжилд бүр ч нэмэргүй, байгалийн нөхөн сэргээлт хийгдэхгүйгээр хэнд ч хэрэггүй дуусах бололтой. Өөрөөр хэлбэл 2 хоногт нэг хүн нэг лан алтыг олборлоход дунджаар 80 хүн хоногт 80 лан буюу нинжа нарын ханшаар хоногт нэг хүн хамгийн бага нь 700000 төгрөг, 80 хүн 56 сая төгрөг, жилд 672 сая төгрөг гээд бодохоор эндээс монгол улсын төсөвт 6 төгрөг ч орохгүй. Дээр нь байгаль нь сүйтгэгдэнэ, хэн ч нөхөн сэргээлт хийхгүй гээд боддоо. Ийм л асуудал Гацууртын ордод бий болоод байна.

 

Н.ОЮУНМАА

 

эх сурвалж: www.medee.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ninja naraa oruulah gej hudlaa ingej jujigleed daraa ny ard ny eersdee baidag ny todorhoi baikhad arga hemjee avaachee
2015-07-09
Новш юмаа:
Монголын төр энэ хүмүүсийг албадан баривчилж шоронд хийх хэрэгтэй. Төр төмөр нүүрээ харуулах ёстой боловч дээрээ хахуульд идэгдэж улс орны өмчийг хулгайлагч төр өөртэйгөө адил байгаль сүйтгэж ашиг олж байгаа эдгээр нинжануудыг баривчилж чадахгүй гөлөлзөнө л дөө. Үүнийг нь тэр ашиглах гээд чадаагүй гадна дотны компаниуд далдаар хөхүүлэн дэмжиж ард түмнийг хооронд нь алалцуулна
2015-07-09