Орон нутагт болгоомжтой зорчоорой

Сүүлийн үед Улаанбаатар Зуунмод, Дундговийн замд осол нэлээд гарах болжээ.
Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд Төв аймгийн Лүнгээс Эрдэнэсант сум, энэ сарын 2-нд Дундговь аймгиас Төв аймгийн Сэргэлэн сум, энэ сарын 3-нд Улаанбаатараас Мандалговь, энэ сарын 4-нд Улаанбаатараас Төв аймгийн Зуунмод чиглэлд автомашины осол гарчээ.
Үүний улмаас хоёр хүний амь эрсдэж, 10 хүн эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирсон байна.
Замын цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар "Осолд өртсөн машинуудын дийлэнх нь приус маркийн автомашин байгааг дуулгасан юм. Мөн согтууруулах ундаа хэрэглэж, хэт халуунд хурдаа тохируулаагүйгээс дээрх ослууд гарсан байна.
Иймд баяр наадамтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэх тул анхаарал болгоомжоо дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангахыг сануулав.
Тус тасаг өнгөрсөн долоо хоногт 7400 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 1730 орчим зөрчил илрүүлж, 1150 зөрчлийг засуулж, ЗХДүрэм зөрчсөн 529 жолоочийг 2635000 төгрөгөөр торгож, эрхийн үнэмлэхгүй болон ангилал бус тээврийн хэрэгсэл жолоодсон ЗХД-ийн бусад заалтуудыг зөрчсөн 39 иргэнийг шийтгэврээр 1170000 төгрөгөөр тус тус торгосон аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ