Хятадууд Путинд хайртай

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо ШХАБ болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна. Тус хоёр уулзалтад оролцохоор дэлхийн 30 гаруй орны төрийн тэргүүн Уфа хотноо цуулаад буй юм. Ерөнхийлөгч В.Путин БРИКС-ийн уулзалтыг тэргүүлж байгаа бөгөөд өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй тусгайлан уулзсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.
Уулзалтын эхэнд Путин, Си даргад хандан “Орос, Хятад улстай илүү ойртон дотносохыг хүсч байна. Хоёр улс хамтарч, нэг нэгэндээ итгэл хүлээлгэснээр ямар ч хүндрэлийг давж чадна. Орос, Хятадын тусламжтай зарим асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Харин Си дарга “Хятадууд Путинд хайртай бас хүндэлдэг” гэсэн байна. Си дарга энэхүү уулзалтаас өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзжээ.
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар Грекийн эдийн засгийн хямралын асуудлаар ярилцах магадлалтай хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев “Энэ удаагийн БРИКС-ийн уулзалтад Грекийн асуудлаар ярилцахгүй” гэж мэдэгджээ.
Путин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов болон Ерөнхий сайд Намаз Шарифтай уулзах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ