Төрийн далбааны ёслол сайхан боллоо

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг-Төрийн далбаагаа дээдлэн шүтэх ард түмний хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачлагыг дэмжиж Монгол Улс жил бүрийн долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Уламжлалт өдөр өнөөдөр тохиож, Чингисийн талбайд Төрийн далбаа мандуулах ёслолыг үйлдлээ. Төрийн далбаа мандуулах ёслолд Монгол улсын Их хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдууд, элчин сайдын яамдын дэргэдэх Батлан хамгаалахын болон Цэргийн-агаарын цэргийн атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчин, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Харин жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ОБЕГ, БХИС, ХСИС зэрэг байгууллагын 1800 гаруй албан хаагч оролцсон юм.
Ёслолын үеэр цэргийн ёслолын жагсаал командлагч хошууч генерал Б.Баярмагнай Батлан хамтгаалах яамны сайд Ц.Цолмонд илтгэл өглөө. Түүний дараа Монгол улсын Төрийн далбааг мандуулж, ёслолд хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулсан юм.
Мөн Батлан хамтгаалах яамны сайд Ц.Цолмон “Төрийнхөө сүлд, бэлгэ тэмдгийг сүслэн манай ард түмэн үндэснийхээ баяр наадмын өмнө Монгол улсын Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг. Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, хөгжил дэвлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан үеи үеийн эрэлхэг дайчин уламжлалыг залгамжлан авч төр, түмэндээ дээдлэгдэн ирсэн Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, Шүүхийн шийдвэр, Онцгой байдлын зэрэг байгууллагын албан хаагчид эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ нэртэй биелүүлж байгааг онцлох ёстой” хэмээн хэллээ.
Энэ үйл ажиллагааны үеэр тус ёслолыг үзэхээр ирсэн зочид, үе үеийн дайчдаас сэтгэгдлийг сонссон юм.
Армийн нэгтгэлийг жагсаалаар хардаг
Өнөөдрийн хүндэтгэлийн ёслол сайхан болж байна. Төрийн далбааны өдрийг 2010 оноос хойш тэмдэглэдэг уламжлалтай болсон. Жагсаалд үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг биелүүлдэг, бие бүрэлдэхүүнүүд оролцож байна.
Энэ өдрийг тэмдэглэснээр монгол хүний бахархал, омогшлыг төрүүлэх, илэрхийлэх зорилготой юм. Мөн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бэлэн байдал, бэлтгэл сургуулилтыг ард түмэндээ шалгуулж буй хэрэг юм. Жагсаал гэдэг манай албан хаагчдын хувьд сахилга, зохион байгуулалтын илэрхийлэл болдог. Олон улсын армийн бэлтгэлийг жагсаалаар хардаг.
Цэргийн албанд байсан үеийн дурсамж минь сэдэрч байна
Маш сайхан байна. Хүмүүсийн орчин ч сайхан дулаан уур амьсгалтай байна. Би өөрөө цэргийн албан хаагч байсан.
Өнөөдрийн цэргийн жагсаалыг үзээд 1981 онд цэргийн алба хааж байсан үеийн дурсамж сэдэрч байна.
Монгол цэргийн ур чадварыг дэлхийд гайхуулж байгаа
Батлан хамгаалах салбарынхан бид Үндэсний их баяр наадмаа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Дэлхийн халуун цэгүүдэд үүргээ гүйцэтгэж байгаа манай улсын албан хаагчид, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг дэлхийд гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дуулгахад таатай байна.
Манай цэргүүдийн бэлтгэл сургуулилт жилээс жилж сайжирч байгааг та бүхэн маань харж байгаа байх. Сүүлийн үед монгол Төрийн далбаа дор олон улсаас цэргүүд ирж, хамтдаа бэлтгэл хийж, энхийг сахиулах үйл ажиллагаа хийдэг. Энэ онд 23 улс орноос ирсэн. Тэд гадаадын мэргэжилтгүүдийн хэлж буйгаар нэг улсад ийм олон орноос цэргүүд цуглаж, хамтдаа сургуулилт хийдэггүй хэмээн ярьдаг.
Ахмад дайчид бид тугийн баярт зориулж, дууны үг бичсэн
Өвөө нь Ардын хувьсгалтай нас чацуу. Одоо нас сүүдэр 94 хүрч байна. Би цэргийн албанд нийт 46 жил зүтгэсэн. Чөлөөлөх дайнд оролцсон, ахмад дайчин байгаа юм. Миний үндсэн захиргаа бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум.
Тугийн баяр нэлээд сүүлд гарч ирсэн юм. Түүнээс өмнө тугийн баяр гэж байгаагүй. Тугийн баярт Төрийн сүлдийг мандуулж байна. Иймд ахмад дайчид бид тугийн баярт зориулж, дууны үг бичсэн байгаа.
Бид түүх соёл уламжлалаа үр удамдаа үлдээх ёстой
Миний бие хамгийн анх 2008 онд УИХ-ын гишүүн болчихоод “Төрийн далбааны хууль”-ийг санаачилсан. Ингэхэдээ УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Батбаяр нартай хамтран санаачилж, хуулийг батлуулж чадсан. Ингэснээр жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр цэргийн парад жагсаад таван жил болж байна.
Бид түүх соёл уламжлалаа үр удамдаа үлдээх ёстой. Бид ямар нэг таагүй зүйл болоход “Төрийн минь сүлд өршөө” гэдэг. Баярласан үедээ мандуулдаг. Гашуудсан үедээ бөхийлгөдөг. Хуулиа цаашид өргөжүүлэх үүднээс Төрийн далбааны өдрийг Ховд аймгаас эхлэн хэрэгжүүлж эхэлж байна. Наадамчин түмэн маань сайхан наадаарай гэв.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ