Пхеньян шинэ Батлан хамгаалахын сайдтай боллоо

Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолийг өнгөрсөн тавдугаар сард нийслэл Пхеньяны төв талбайд зенитын их буугаар галлаж, цаазаар авсан хэмээн Өмнөд Солонгосын тагнуулууд мэдэгдсэн билээ. Сайдыг хурал дээр унтаж, зааварчилгаа өгөөгүй хэмээн удирдагч Ким Чен Ун буруутгаж, цаазаар авах ялаар шийтгэсэн аж. Хэсэг хугацаанд сайдгүй байсан Батлан хамгаалах яам шинэ сайдтай болсон тухай “www.yonhapnews.co.kr” мэдээлж, зургийг нь байршуулжээ.
Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өчигдөр 19.00 цагийн үед “Батлан хамгаалахын шинэ сайд Пак Ён Сик армийн дээд албаныхны хурал зарлалаа” гэж мэдээлжээ. Энэхүү мэдээллээс үндэслэн Пак Ён Сик Батлан хамгаалахын сайд болсон нь нотлогдлоо хэмээн “AFP” агентлаг мэдээлсэн байна.
Пак Ён Сик 20 гаруй жил Батлан хамгаалах яаманд ажилласан гэнэ. Тэрбээр мөн экс удирдагч Ким Чен Ирийн зөвлөхөөр ажиллаж байсан хэмээн “KCNA” агентлаг дурьджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ