Хүүхэд төөрөх тохиолдол цөөнгүй гарчээ

img

Улсын баяр наадмын үеэр нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллалаа. Баяр наадмын үеэр зөрчил хэр гарч байгаа талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсүрэнгээс тодруулахад:

 

-Нийслэлийн цагдаагийн бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ажиллалаа. Энэ жилийн хувьд оюутан-цагдаа ажилласан. Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ 50 оюутан цагдаа ажилласан. Оюутан цагдаа нар хэлний мэдлэгтэй. Тийм учраас гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэсэн.

 

-Зөрчил хэр гарч байна вэ?

 

-Ер нь тайван амгалан наадамлаж байна. Онц зөрчил бүртгэгдээгүй. Харин хүүхэд төөрөх асуудал нэлээдгүй гарч байна. Иргэд эд зүйлээ гээх, гадаадын иргэд төөрч будилах асуудал цөөнгүй гарлаа. 12-ны өдөр хуурамч тасалбар худалдан авсан зөрчил илэрлээ. Энэ зөрчлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлсэн. Шалгаж байна.

 

-Гадаадын иргэд наадам үзэх гэж ирэд  эд зүйлээ хулгайд алдах тохиолдолд  их байдаг. Энэ тал дээр ямар урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ?

 

-Гадаадын иргэдийг урьж Монголд авчирч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулсан. Анхааруулга маш сайн явагдсан. МИАТ-д зорчиж орж ирж байгаа гадаадын иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг маш сайн өгсөн. Тийм учраас энэ жилийн хувьд ямар нэг халдлагад өртсөн, зөрчилд бүртгэгдсэн зүйл бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн хувьд нэг гадаадын иргэн бие нь муудсаныг тухайн үед яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ