Баян-Өлгий аймгийн нутаг, “Алтай таван богд” ууланд авирч байсан таван залуу ор сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гамшигийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Алтай таван богд" ууланд авиралт хийхээр гараад сураггүй алга болсон таван уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн баядлаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч эрэн хайх ажиллагааг явуулж байгаа. Эрлийн багийнхан сураггүй болсон уулчдын хамгийн сүүлд байрласан газарт хоёр майхан байгааг дурангаар олж харсан байна.
Майхан барьсан газарт 5 цаг гаран явж очиход сураггүй болсон уулчдын ул мөр олдоогүй байна. Эрлийн ажилд нэмэлтээр Ховд, Увс аймгийн мэргэжлийн уулчин аврагчдийг оролцуулах гэж байна. Гэхдээ одоогоор эрлийн багийнханаас нэмэлт хүч авах талаар яриагүй. Тиймээс эрэн хайх ажиллагааны явцын мэдээллийг хүлээгээд суухаас өөр аргагүй" гэсэн мэдээллийг өглөө.
Энэ үеэр “Монголиан Экспедишн” компанийн захирал С.Алдархишиг мэдээлэл өгсөн.
Тэрбээр хэлэхдээ “ Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд ууланд хүн анх авирсаны 100 жилийн ой тохиосон. Ойг тохиолдуулан манай компаниас аялал зохион байгуулсан. Манайхаас зохион байгуулсан аялалд 10 хүн бүртгүүлж, албан ёсоор бүртгэлтэй хүмүүс маань авиралтад оролцсон. Мөн бидний зохион байгуулснаас тусдаа Эрдэнэтийн баг, Орос гишүүдтэй баг, Мөсөн голын судалгааны баг болон сураггүй болсон уулчид очсон байсан.
Бидэнд зөвхөн манай аялалд бүртгэгдсэн 10 хүний нэр хаяг л байгаа. 12-ны өдөр авиралт болж, бүгд оргил дээр гарсан. Буух явцад манай багийнхантай бүгд таарсан. Гэвч орой отогтоо цуглахад сураггүй болсон багийн гишүүд эргэж ирээгүй тул бидэнд мэдэгдсэн. 13-ны өдөр н.Өсөхбаяр тэргүүтэй уулчид тэднийг эрэн хайгаад олоогүй тул бидэнд болон Онцгой байдлынханд мэдэгдсэн.
Манай хүмүүсийн хэлснээр авиралт хийгээд буух явцад цасны нуралтын чимээ гарсан гэж байна. Тэдний амь насанд аюул учирсан эсэхийг хэлэх аргагүй байна. Хамгийн гол нь тухайн уулчид маань нэг олсноос бэхлэгдсэн байсан, туршлага багатай гэдэг нь санаа зовоож байна” гэлээ.
“Өмнө нь Засгийн газрын тэргүүн ууланд төөрч, УИХ-ын гишүүн Хөвсгөл далайд саатахад ОБЕГ-аас нисдэг тэргээр эрлийн ажлыг шуурхай зохион байгуулж байсан удаатай. Гэтэл таван хүний амь насны асуудал яригдаж байхад ОБЕГ-аас шаардлагатай арга хэмжээ авахгүй байна. Уулчид сураггүй болоод гурван шөнө, хоёр өдөр болж байна. Газраар эрэн хайх ажиллагаа явуулах нь цаг алдсан хэрэг юм биш үү” гэсэн сэтгүүлчийн асуултад ОБЕГ-ын Гамшигийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ хариулт өгсөн.
Тэрбээр хэлэхдээ "Болсон явдлыг дуулсан даруйд тус аймгийн ОБ-ын албанаас аврагчид гарч эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Бидний хувьд сураггүй болсон таван хүнийхээ нэрийг ч тодруулж чадахгүй байна. Бид ажиллаж байна. Таван хүнийхээ нэрийг эхнээс нь тодруулж, ар гэртэй нь холбогдсон. Баян-Өлгийн аймгийн Өлгий хотоос 230 км машинаар явж байж хүрдэг газар. Төр засгийн хүнийг нисдэг тэргээр хайж болдог, жирийн иргэдийг хайсангүй гэж асууж байна.
Нисдэг тэрэг гаргаж болж байна. Гэхдээ цаг агаараа харна, нисдэг тэрэг буух замаа судална. Нэг буудлаас нөгөө буудал руу гараа өргөөд суучихдаг автобус биш. Нисдэг тэргээр тухайн нөхцөлд газар орны байдалд тохируулан жолоо борих туршлагатай хүн хэрэгтэй. Болохгүй юм байхгүй. Хамгийн гол нь сум орон нутгийн аврагчид эрлийн ажилд хүч нэмэгдүүлэх хүсэлт ирүүлэхийг хүлээхээс өөр аргагүй” гэв.
Албан бус мэдээллээр сураггүй болсон уулчдын багийн гишүүдийг н.Гомбосүрэн, н.Долгорханд, н.Гантөмөр, н.Уянга, н.Батболд гэдэг. Хоёр эмэгтэй, гурван эрэгтэй гишүүдээс бүрдсэн гэнэ.
Сураггүй алга болсон залуусын гэр бүлийнхэн энэ хуралд ирсэн байсан юм. Тэд хэлэхдээ "Таван хүний амь нас яригдаж байхад Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайд У.Хүрэлсүх эрлийн багийн хүний тоог нэмэх, нисдэг тэрэг гаргаж өгөх зэрэгт хойрго хандаж, цаг хугацаа алдаж байна" гэлээ.
П.Наран