Донецк, Луганскт цахилгаан нийлүүлэхгүй

ОХУ энэ сарын 7-ноос эхлэн Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужид цахилгаан нийлүүлэхээ зогсоосон билээ. Учир нь Орос, Украины зүүн хязгаарт нийлүүлсэн цахилгааны төлбөрөө авч чадаагүй учир цахилгаан нийлүүлэхээ зогсоосон аж. Украины Эрчим хүчний сайд Володимир Демчишиний өчигдөр “Украин цахилгааны төлбөрөө барагдуулах хүртэл зүүн хязгаарт цахилгаан нийлүүлэхгүй” гэж хэлжээ. Тэрбээр мөн энэ асуудлаар “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченкотой уулзах шаардлага байхгүй гэв.
Украины зүүн хязгаарыг цахилгаанаар хангасны хариуд ОХУ сарын 15 сая ам.доллар авахаар гэрээ байгуулсан байна. Энэхүү төлбөрийг хэн төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Украины Ерөнхий сайд Арсений Янюцек өнгөрсөн дөрөвдүгээр сард салан тусгаарлагчдад алдсан бүс нутгуудад цахилгаан, халуун ус нийлүүлэхийг хориглосон юм. Янюцек “Бид зүүн хязгаарыг хяналтадаа авах хүртэл цахилгаан нийлүүлэхгүй” гэж мэдэгджээ.
“Нэмэлт үүсгэвэр, лаа, шүдэнз тээвэрлэсэн Оросын тусламжийн цуваа маргааш Донецкт хүрэх болно” гэж ОХУ-ын Онц байдлын яамны төлөөлөгч Олен Воронов мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ