Итгэлцлийг цуцлах ээлжит бус чуулган

img

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд АН, МАН-ын “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа” ердөө хагас жилийн л настай байж.

 

МАН-ыг Засгаасаа гаргах нь Ерөнхий сайдын санаачлага биш.  Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг хэдий ч энэ удаад Ч.Сайханбилэгийн дээр АН-ын Гүйцэтгэх зөвлөл ноёрхож байна. Өөрөөр хэлбэл намын  дарга нь Ерөнхий сайд  байна гэсэн заалтыг зүгээр ч нэг хуульчлаагүй гэдгийг өнөөдрийн Ч.Сайханбилэгийн Засгийн газар харуулж байна.  Тиймээс ч төрийн өндөр албан тушаалаараа ч, намын удирдлагаараа ч өнөөдөр Ч.Сайханбилэгийн дээр З.Энхболд байгаа юм.

 

Ер нь парламентын бүрэн эрхийн хугацааны эхлэлд л улс төрийн хүчнүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулдгаас бус сонгуулийн жил дөхсөн сүүлийн хагаст гэрээ хийж, гарын үсэг зурсан ч итгэлцэж, эрх ашгаа нэгтгэнэ гэдэг бүтэшгүй зүйл болохыг  хоёр улс төрийн хүчин үг бус үйлдлээрээ харууллаа.

 

Цаашлаад төрийн бодлогын дээр улс төрийн хүчин ноёлж байгааг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр харуулж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ дахь бүлэгтээ МАН-тай байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-гээ цуцлах үүрэг өгсөн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг урьсан зочноо хөөхгүй гэж байгаа хэдий ч өөрийн биш өрөөлийн шийдвэрээр гүйцэтгэхээс өөр аргагүй байдалд орж байна. Улс төр хатуу тоглоом хойно яая гэхэв, МАН-ын гишүүд Ч.Сайханбилэгийг ойлгож байгаа. “Ерөнхий сайд санаачлагыг гартаа ав. Засгийн газраас МАН-ыг гаргах шаардлагагүй. Төр, засаг тогтвортой байх хэрэгтэй, дотооддоо ойлголц” гэсэн Ерөнхийлөгчийн үг, захиас ч АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрт нөлөөлж чадсангүй. Харин уригдаж ирчихээд хөөгдөж буцаж байгаа МАН-ын хувьд улстөрийн дараагийн нүүдэл нь юу байх вэ гэдэг сонин байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр хадаг барьсан Засгийн тэргүүнийг огцруулах бичиг барьж гүйн нам алдахгүй гэж найдна. МАН-тай, МАН-гүй УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барихаар гарын үсэг цуглуулаад явж байгаа. Гэхдээ л хүн чанар бус эрх ашгийг тооцоолдог улстөрчид юу  ч хийж мэдэх хүмүүс.

 

Хаврын чуулган завсарласан энэ өдрүүдэд Төрийн ордон нам жим болжээ.  Хаврын чуулганаа завсарлуулсан гишүүд, тэдгээрийн туслахууд наадамлаж, амарч, хөдөө гадаа тойргоо зорьж, гадаад, дотоодод эмчилгээ сувилгаа хийлгэн алжаалаа тайлахаар Төрийн ордон байтугай Улаанбаатар хотоос ч дайжсан сурагтайн.  Гэхдээ Төрийн ордны ажин түжин байдал удаан үргэлжлэхгүй.  “Их тулааны өмнөх нам гүм” гэдэгтэй адил гишүүд 10 сар хүртэл талын нэг тарчихгүй, “ээлжит бус чуулган”-тай гэх үүрэг санамж авсаар хаврын чуулганаа завсарлууллаа. Энэ парламент намрын отгон чуулганаа эхлүүлэхийн өмнөхөн хоёр ч удаа “ээлжит бус”-аар хуралдаж,  Засгийн танхимд  өөрчлөлт оруулж, хаврын чуулганаар шийдвэрлэж амжаагүй асуудлаа эцэслэнэ. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр “Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна.” гэлээ.

 

Намрын чуулганыг хүлээхгүйгээр ээлжит бус чуулган зарлан байж МАН-ын зургаан сайдыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлж, орны сайд нарыг томилохоор яарч байгаагийн цаана улс төрийн том эрх ашиг нуугдаж байгаа гэх хардлага төрөхөөс аргагүй. Ээлжит бус чуулганаар Засгийн газарт 6 сайдын халаа сэлгээ хийлээ гэхэд үргэлжлээд намрын чуулганаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа шийдэгдэхийг үгүйсгэх аргагүй.

 

Нөгөөтэйгүүр 6 сайдын суудалд горилогчид АН-ынхаа даргад тал засан, наадамлах завгүй намын байраараа эргэлдэж байгаа сураг дуулдана лээ. Одоо томилогдох сайд нар танхимтайгаа гар нийлж, улсын хөгжлийн төлөө зүтгэхээсээ намын удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгаврыг гүйцэтгэгчид гэвэл үнэнд ойр тусна биз.  Учир нь шинэ сайдуудыг салбартайгаа танилцаж явах хооронд сонгуулийн жил эхэлчихнэ. Намтрын хуудсаа ч нэмж, чимэх юм даа, шинэ сайд нар.

 

Ээлжит бус чуулган эхэлтэл ирэх долоо хоногт Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж байгаа АН, цуцлуулж байгаа МАН-ын байрнууд хөл хөдөлгөөнтэй байх бололтой.

 

Наймдугаар сарын нар төөнөсөн халуун өдрүүдэд улс төр ч дотроосоо буцалсаар байх нь.

 

Н.Энхбат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АН-ыг улс төрөөс хурдан зайлуулж улс орноо, эдийн засагаа аврах цаг болжээ, энэ чадваргүй, боловсролгүй нөхдүүд улс орныг унагаад дууслаа, 12 онд сонгосондоо харамсаад барахгүй нь ээ,
2015-07-17
njuty:
Ямар юмных нь итгэлцэл байх вэ дээ. Ер нь тусдаа байцгаасан нь дээр шүү дээ. МАН сайндаа засагт ороогүй, АН-ыг дотроос нь самрах гэж засагт ороо биз дээ. Эсвэл 16 оны ажлаа амжуулах гэж ороо л доо. Хамтраад гийгүүлэхгүйгээс хойш тусдаа байцгаавал дээр.
2015-07-16
Зочин:
АН-Д эмгэнэл илэрхийльё
2015-07-16
Zasag:
MAH.n saiduuduus umnu Saihanbileg Bayartsogtiig zailuulaach AH
2015-07-16
Зочин:
Shall hudlaa shudrag ajilahgui ene zuunaas
2015-07-16