Том голууд үерийн аюултай түвшинг давсныг анхааруулав

Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойд тамир, Урд тамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давлаа. Мөн Хойд тамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна.
Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдснээр Байдраг, Онги голын эхээр үерийн түвшинг 10-20 см давсан болно. Энэ зуны турш элбэг устай байсан Ховд голын дагууд үерийн болон үерийн аюултай түвшинг 10-15 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ