Л.Пүрэвсүрэн Энхтайваны Корпусын захиралтай уулзжээ

АНУ-д айлчилж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энхтайваны Корпусын захирал К.Раделетай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Л.Пүрэвсүрэн сайд Америкийн сайн дурынхан Монгол Улсын ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг урагшлуулах, үнэт зүйлсийг ойлгуулан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. Мөн энэ онд тохиож буй Хэлэлцээр байгуулсны 25 жил, 2016 онд болох анхны сайн дурынхныг хүлээн авсны 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, тодорхой ажил арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар ярив.
Манай улс АНУ-ын Энхтайваны Корпустай хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1990 онд гарын үсэг зурсан бөгөөд 1991 онд Энхтайвны корпусын анхны сайн дурынхан ирж байжээ. Үүнээс хойш Монгол улсад 1149 сайн дурын ажилтан ажиллаж, манай улсын хот, хөдөө орон нутагт боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажилласан байдаг. Өдгөө манай улсын 21 аймагт 125 сайн дурын ажилтан ажиллаж байгааг хатагтай К.Раделе хэлэв.
Талууд цаашид зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой хөтөлбөр төсөл дээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ