Би наранд дуртай

img

 

Жойс Гилос-Торрефранка гэх оюутан бүсгүй хичээлээ тараад явж байхдаа түргэн хоолны “McDonald's” сүлжээ рестораны цонхноос тусах гэрэлд хичээнгүйлэн гэрийн даалгавраа хийж буй хүүг харжээ.  Тэрбээр хүүгийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, зургийг нь авч твиттертээ байршуулаад “Гайхалтай юм аа. Харваас энэ хүүгийн гэр ядуу бололтой. Гэрт нь гэрэл байхгүй учир ийнхүү гудамжны гэрлийн дор даалгавраа хийж буй бололтой” гэж бичжээ. Энэхүү жиргээний дараа хүүгийн талаар мэдэхийг хүссэн олон жиргээчид Филиппин даяар хүүг эрэн хайсан байна. Энэхүү зургийг өнгөрсөн сарын 23-нд авчээ.  Мөн тус улсын хэвлэлүүд ч олны анхаарлыг татаж, хайр хүндэтгэлийг хүлээсэн хүүтэй уулзахын тулд хол замыг туулсан байна. Удаан хугацааны турш хайсны эцэст хүүг энэ сарын 7-нд Мандауэ хотын оршин суугч болохыг тогтоожээ. Хүүг Даниель Кабрера гэдэг бөгөөд есөн настай аж. Даниель “Хаун” сургуулийн гуравдугаар ангийн сурагч. Математик болон уран зохиолын хичээлдээ анги хамт олноо манлайлдаг тэргүүний сурагч аж.

Гэнэт өөр рүү нь дайрсан сэтгүүлчдийн харсан хүү “Та нар хэн бэ? Намайг тайван орхи” хэмээн хэлжээ. Сэтгүүлчид учраа тайлбарлахад хүүгийн ээж Кристина “Амьдралын эрхэнд хөөрхий хүү минь гудамжинд хичээлээ хийх болсон. Хүү минь өглөө бүр “Би мундаг хүн болно. Би хичээлээ хийх учиртай. Эрдэм мэдлэг намайг амжилтад хүргэнэ” гэж хэлдэг. Ганцхан зураг хүүг минь алдартай болгочихлоо. Итгэхийн аргагүй юм” гэсэн байна.

 

 

2013 оны долоодугаар сард Даниелийн гэр гал алдсgны улмаас шатсан байна. Түймрээр хүүгийн аав амиа алджээ. Хэдэн сарын турш Кристина хүүгээ дагуулан асрамжийн газар, хоног төрүүлэх газраар хэрэн хэсч, өдөр хоногийг аргацаах болсон байна. Өнгөрсөн оноос тэдний амьдрал улам доройтож, нэг үгээр хэлэхэд гудамжинд гарчээ. Тэд амьдрахын эрхэнд гудамжинд хонож, хүмүүсийн ашиглахаа больсон барилга, байгууламжин дотор амьдрах болжээ. Кристина худалдааны төвд үйлчлэгч хийж, өдөрт хоёр доллар хөлсөнд нь авдаг байна. Тэрбээр “Хүүгээ харахаар л өрөвддөг. Хүүхдүүд үдийн цайндаа орж байхад хөөрхий хүү минь ангидаа ганцаараа үлдээд л хичээлээ хийдэг. Багш нь их даалгавар өгдөг учир орой 21.00 гээд л ширээ болсон сандлаа үүрээд л хичээлээ хийхээр явдаг. Орой 22.00 цагт ирнэ. Дэвтэр, номыг нь харахад их урамтай. Их цэвэрч, нямбай бичдэг. Хэрвээ хүү минь илүү тухтай орчинд амьдардаг байсан бол шилдэг сурагч болох байсан байхдаа” гэж хэлжээ.

 

“Би наранд дуртай. Учир нь хичээлээ хийхэд илүү тухтай байдаг. Шөнө хэцүү байдаг. Юу ч харагдахгүй” гэж хүүгийн хэлсэн үг филиппинчүүд гэлтгүй олон орны хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ. Энэхүү үгийн дараа Даниелд туслах хүмүүсийн цуваа нэмэгдэж, хүүгийн амьдрал оронгоороо эргэжээ. Мандауэ хотын халамжийн төв хүүд түр орогнох байр бэлэглэсэн бол Улаан загалмайн байгууллага хичээл, ном, хувцас бэлэглэжээ. Филиппиний Засгийн газар хүүг илүү сайн сургуульд оруулж, сургалтын төлбөрийг төлсөн байна. Мөн Цагдаагийн газрын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хүнсний тусламж үзүүлжээ. Санхүүгийн байгууллагууд хүүгийн ээжид мөнгө хандивлаж, бизнес хийхэд нь туслалцаа үзүүлэхээ амласан байна. Хүүгийн нэр дээр хаягласан тусламжийн цуваа өнөөдрийг хүртэл татраагүй бөгөөд нийтдээ 120 сая ам.доллар цугларчээ. Кристина энэ хандиваасаа орон гэргүй гурван хүнд тусалжээ.

 

Хүү энэ сарын 15-нд “www.linkis.com” сайтад “Намайг азтай хүү гэж дуудах болсон. Тиймээ миний амьдрал их сайжирсан. Бүх зүйлс өөрчлөгдсөн. Би хичээлээ хийхийн тулд гудамж руу явах шаардлагагүй болсон. Гоё байгаа биз. Ирээдүйд цагдаа болохыг мөрөөдөж байна. Би цагдаа болохын тулд хичээлээ сайн хийх болно. Та бүхний итгэлийг алдахгүй ээ” гэж ярьжээ.

 

Даниелийн амьдралыг өөрчлөхөд онцгой гавъяа байгуулсан Жойс Гилос-Торрефранка “www.people.com” сайтад “Би их үнэтэй хувийн сургуульд сурдаг. Тэгсэн мөртлөө тийм ч сайн сурдаггүй. Харин хүүг хараад өөрийгөө голсон. Би нээрээ гэх бодол намайг урамгүй болгосон. Надад гэр, бүх зүйл байна. Үнэхээр өөрөөсөө ичиж байна” гэсэн бол хүүгийн ээж “www.telegraph.co.uk” сайтад “Миний хүү гуравдугаар ангиа 100 хувийн үнэлгээтэй төгссөн. Дараа жил Засгийн газрын тэтгэлгээр илүү сайхан сургуульд суралцахаар болсон. Та бүхэндээ баярлалаа” гэж хэлжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ