“МН17” осолдох үеийн шинэ бичлэг олджээ

Малайзын “МН17” онгоц өнгөрсөн оны долоодугаар сарын 17-нд Украины зүүн хязгаар Донецк мужийн ойролцоо осолдсон билээ. Ослоор 295 хүн амиа алдсан юм. “МН17” онгоцыг “Бук” хэмээх пуужингаар харвасан хэмээн шинжээчид мэдэгдээд байгаа. Мөн осол болох үед хийгдсэн хэд хэдэн бичлэг энэхүү таамгийг баталсан юм. “Бук” тээвэрлэгч ачааны машин хэргийн газраас холгүй зорчиж явсан нь тогтоогдсон билээ. Тэгвэл “МН17” осолдох үеийн шинэ бичлэг олдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ослын газрын дэргэд байрлах хурдны замаар зорчиж явсан хоёр зорчигч “МН17”-ийн сүйрлийг тод харуулсан бичлэг хийж амжжээ. Ойролцоогоор таван минут үргэлжлэх тус бичлэгт “МН17” ямар ч жолоодлого байхгүй газарт унаж байгаа нь бичигдсэн байна. Бичлэгийг Наташа гэх бүсгүй хийсэн бөгөөд тэрбээр “Би эхлээд осолдсон зүйлийг онгоц гэж мэдээгүй. Автобус эсвэл шатахуун түгээгүүрийн машин гэж бодсон. Харин нөхөр минь онгоц, онгоц хэмээн хашгирсан. Үнэхээр аймар. Бид энэхүү ослын дараа Москва явсан. Тиймээс энэ бичлэгийн нийтэд үзүүлж чадаагүй. Онгоц осолдох үед ямар нэгэн хүний орилох дуу гараагүй” гэж хэлжээ.
Энэхүү бичлэгийн эх хувийг Голландын шинжээчид хүлээн авсан бөгөөд нарийн шинжилгээ хийх хүртэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй гэсэн байна. Мөн Малайзын удирдлагууд “Хосын бичсэн бичлэгт “МН17” бичигдсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Бичлэгийг үзвээс “МН17” онгоцыг ямар нэгэн зүйл харваагүй, зүгээр л жолоогоо алдаад л осолдсон мэт харагдаж байна” гэжээ.
Ослын газар хамгийн эхэнд салан тусгаарлагчид ирсэн бөгөөд тэд онгоцны хар хайрцгийг таван өдрийн дараа Малайзын талд хүлээлгэн өгчээ. “Хар хайрцагны бүх бичлэг устаж, тайлах боломжгүй болсон” хэмээн тус улсын Ерөнхий сайд Нажаб Разак мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ