Кубын далбаа Вашингтонд мандлаа

Хагас зуун жилийн турш үргэлжилсэн Куба болон АНУ-ын хүйтэн харилцаа энэ оны эхээр дуусгавар болсон билээ. Хоёр улсын удирдлагууд зул сарын өмнө харилцаагаа сайжруулж, хамтран ажиллахаар болсноо ард түмэндээ мэдэгдсэн юм. 54 жилийн дараа анх удаагаа АНУ-ын дипломатчид Куба улсад ажлын айлчлал хийжээ. Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр улс харилцан Элчин сайдын яамаа нээж, царцаад байсан дипломат харилцаагаа сэргээхээр болсныг мэдэгдсэн билээ.
Вашингтон хотноо өчигдөр 14.00 цагийн үед Куба улсын Элчин сайдын яам нээгдсэн тухай “www.channelnewsasia.com” мэдээллээ. Керри Вашингтон хотноо суух Кубын бүрэн эрхт элчин сайдтай биечлэн уулзжээ. Тэрбээр “Вашингтоны тэнгэрт Кубын далбаа мандсанд таатай байна. Бид энэ мөчийг их удаан мөрөөдсөн” гэж хэлжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “Бид өнөөдрийг хүртэл зарим асуудлыг нүүр нүүрээ харж ярилцаж чадахгүй байна. Элчин сайдын яам нээгдснээр энэ асуудалд цэг тавина гэдэг итгэлтэй байна” гэжээ.
Элчин сайдын яам нээгдэх үед АНУ-д ажиллаж, амьдардаг олон зуун кубачууд төрийнхөө далбааг барьцгааж, удирдлагууддаа баяр хүргэсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Дэд ерөнхийлөгч Жое Байдан нар Кубын удирдагч Раул Кастрод баярын шуудан илгээжээ. Харин Гавана хотноо хэзээ АНУ-ын Элчин сайдын яам нээгдэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ