Торгоны зам төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулна

“Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө БОНХАЖ-ын сайдын тушаалаар батлагджээ. Аялал жуулчлалын хөтөлбөрийг 2016-2025 онд 10 жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд Торгоны замын аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх юм байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Төслийг хэрэгжүүлснээр Ази, Европын 30 гаруй орныг нэгтгэсэн Торгоны замын аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох боломж бүрдэх аж.
Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн дотор шинээр “Нүүдэлчдийн замаар аялахуй” дэд төслийг бий болгож, Монгол Улс тэргүүлэх байр суурьтай оролцохыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай санал болгожээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ