“Germanwings”-оос нөхөн төлбөр шаардав

img

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Барселонагоос Дьюсселдорф хүрэх замдаа Францын Альпийн нурууны ойролцоо осолдсон билээ. Уг онгоцонд Германы 67, Испанийн 45 иргэн болон дэлхийн долоон орны 22 зорчигч зорчиж явсан юм. Амиа алдсан Испанийн иргэдийн 16 нь 12-17 насны хүүхэд байсан бөгөөд өчигдөр сурагчдын эцэг эх “Germanwings” компанийг уучлалт гуйхыг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амиа алдсан сурагчдын ар гэрийнхэн “Онгоцыг санаатайгаар хоёрдугаар нисгэгч осолдуулж, ямар ч гэмгүй 150 хүний аминд хүрсэн. Тус онгоцны эзэмшигч “Germanwings” анхнаасаа нисгэгчдийнхээ сэтгэл зүй болон хувийн амьдралыг нь судалж, мөрдөөгүй учир ийнхүү нисгэгч осол үйлдлээ. Тиймээс энэхүү ослын буруутан нь тус компани. Яг одоо харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдээс минь уучлалт гуй. Мөн сурагчдын гэр бүлд тус бүрт нь 600 мянган еврогийн нөхөн төлбөр олго” гэж мэдэгдсэн байна.

 

“Germanwings”-ийн удирдлагууд бүх зорчигчийн гэр бүлд 50 мянган еврогийн нөхөн төлбөр олгоод байгаа юм. Компанийн ерөнхий захирал Томас Винкелман “Би зорчигчдын гэр бүлтэй уулзахад бэлэн байна. Гэхдээ дахин нөхөн төлбөр олгохгүй. Бид ч гэсэн хангалттай хохирол амссан” гэсэн байна. Энэхүү ослоос болж тус компани 300 сая ам.долларын хохирол амсчээ.

 

Осолдсон онгоцны хар хайрцагны бичлэгээс онгоцыг хоёрдугаар нисгэгч Андрес  Любиц сүйрүүлсэн болох нь тогтоогдсон. Тэрээр ахмад бүхээгийг орхин гарсны дараа жолоог авчээ. Любиц мөрдлөгийн явцад сэтгэл гутралд автаж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг байсан нь илэрсэн юм. Хоёрдугаар нисгэгч, ахмадыг санаатайгаар хордуулж, онгоцыг сүйрүүлэх зорилготой байсан нь мөрдлөгийн явцад тогтоогджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ