Чарльстоны халдлагчийг цаазаар авч магадгүй

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарльстон хотын нэгэн сүмд өнгөрсөн сарын 17-нд зэвсэглэсэн этгээд дайран орж, мөргөл үйлдэж байсан хүмүүс рүү гал нээсэн билээ. Сүмд ойролцоогоор 11 хүн байснаас халдлагын үеэр есөн хүн амиа алдсан. Халдлага үйлдсэн 21 настай Далюн Рүфийг хэргийн газраас холгүй баривчилсан юм. Тэрбээр өнгөт арьстнуудыг үзэн яддаг учир халдлага үйлдсэн хэмээн мэдэгдсэн билээ. Рүф хүмүүс рүү гал нээж байхдаа “АНУ өнгөт арьстнуудаас салах хэрэгтэй. Тэд бол боолууд. Өнөө цагийн еврейчүүд” хэмээн хашгирчээ.
Каролина мужийн шүүхэд өчигдөр Далюн Рүфийн шүүх хурал болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Прокурорууд гэмт хэрэгтнийг галт зэвсэг зөвшөөрөлгүй ашигласан, хүний аминд санаатайгаар хүрсэн, халдлага үйлдэж, олныг айдаст автуулсан гэх мэт 33 хэрэгт буруутгаж байна. Шүүхээс Рүфийг цаазаар авах ялаар шийтгэж магадгүй гэж АНУ-ын ерөнхий прокурор Лоретта Линч хэвлэлийнхэнд мэдэгджээ.Тэрбээр “Энэ хүүгийн хийсэн хэрэг хэдийнэ олон хүнийг айдас, уур хилэнд автууллаа. Үнэхээр харамсалтай" гэсэн байна.
Өнөөдрийг хүртэл Чарльстон хотноо эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Энэ сарын 14-нд тус хотын захирагч онц байдал зарласан. Жагсагчид иргэдийнхээ аюулгүй байдлыг сайжруулж, эрх тэгш нийгэм бий болгохыг хүсч буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ