Галшарын хурдан хүлгийг шалгаруулжээ

img

Хэнтий аймгийн ард түмэн монголын хурдан адууны гол цөм болсон "Галшар адуу"-г олон нийтэд сурталчилах, үүлдрээр нь баталгаажуулах, морьтны их өв соёлын гайхамшигийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой “Галшар адууны баяр-2015” наадмыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.

 

Уг наадам Галшар сумын нутаг Шөрөмсөн чулуут дов хэмээх газарт энэ сарын 21-ны өдөр болсон байна. Наадмын үеэр морьтоны жагсаал, соёолон, дааган насны хурдан морины уралдаан, “Монгол хүү” бага наадам, “Сайхан наадамчин” шалгаруулах тэмцээн, шагайн харваа, шилмэл шүдлэн насны морьдын дуудлага худалдаа гэсэн арга хэмжээ болжээ.

 

Морьтоны жагсаалд нийтдээ 350 гаруй морьтон оролцсон байна.  Мөн хурдан морьдын уралдаанд соёолон насны 48 морь хурдалснаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Мөнхболорын хул, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Түмэнбаярын зээрд, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Норовсүрэнгийн Хонгор, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сүхбаатарын хээр, Цэрэндоржийн хонгор тус тус түрүүлж айрагджээ.

 

Түүнчлэн, “Сайхан наадамчин” шалгаруулах арга хэмжээ болж, 18 наадамчин унасан морь, тохсон эмээл, эдлэл хэрэглэлээрээ өрсөлдсөн байна. Уг тэмцээнд Галшар сумын Сангийн далай багийн наадамчин Д.Энхтайван, Л.Оюунмөнх нар тэргүүн байр, наадамчин Д.Лагвасүрэн дэд дугаар байр, Баянбадрал багийн наадамчин З.Батбаяр, Д.Сонинбилэг нар гурав дугаар байрыг эзэлжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ