АНУ-д дахин халдлага гарлаа

АНУ-ын Луизиана мужийн Лафайет хотод байрлах “The Grand” кино театрт зэвсэгт этгээд халдлага үйлдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр гурван хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийг ойролцоох гурван эмнэлэгт хүргэж, анхан шатны эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь хэвийн хүмүүсийг гэрт нь хүргэжээ. “Халдлага үйлдсэн этгээд хүмүүс рүү гал нээснийхээ дараа өөрийнхөө амийг егүүтгэсэн” гэж тус мужийн цагдаагийн ажилтан Жэймс Андерсон "CNN” агентлагт ярьжээ. 50 орчим насны эрэгтэй үзэгчид рүү гал нээх үед олон хүн театраас гарахыг оролдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Гэмт этгээд театрын ойр орчимд тэсрэх бөмбөг суурилуулсан гэж хэлжээ. Халдлага болсон Лафайет хот 120 000 оршин суугчтай, жижигхэн хот юм.
Энэ нь Америкийн кинотеатрт үйлдэгдсэн хоёр дахь халдлага юм. Өнгөрсөн 2012 оны долоодугаар сард Колорадо мужийн Аврора хотын кинотеатр “Харанхуйн хөлөг баатар” киноны нээлтийн үеэр алуурчин Жокерийн баг өмссөн Жэймс Холмс гэгч этгээд гал нээж, 12 хүний аминд хүрсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ