Обама тосгондоо сургууль барьж өгнө

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кени улсад хүрэлцэн ирж, аавынхаа төрсөн газарт очсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хүүхэд насаа өнгөрүүлсэн Когела тосгонд очиж, хамаатнуудтайгаа уулзсан байна. Ерөнхийлөгч мөн Когелад байрлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчидтай нь уулзжээ.
Обама “Кенийн боловсролын систем хоцорсон байна. Хүүхдүүд сурахыг хүсч буй ч боловсон хүчин болон сургуулийн байр хангалтгүй, стандарт бус. Тиймээс АНУ, Кени улстай боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Бүх насныхан боловсрол заавал эзэмших ёстой. Боловсрол эзэмшихгүйгээр цаашаа алхах хэцүү. Би аавынхаа мэндэлсэн Когела тосгонд ирлээ. Энэ тосгонд ганцхан сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Харамсалтай нь энэ сургуулийн байр, орчин үнэхээр хангалтгүй. Нэг ширээнд 3-4 хүүхэд сууж, хичээлээ хийж байна. Кенийн удирдлагууд энэхүү тосгоныг анхааралдаа авч, сургууль, цэцэрлэг барьж өгөхийг хүсье” гэж хэлжээ.
Обама ийнхүү хэлснийхээ дараа тосгоны удирдлагуудад хандаж “Би энэхүү тосгонд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Тиймээс Когела тосгонд сургууль барьж өгөх болно. Олон сургууль барьж өгөх болно” гэж хэлжээ. Ерөнхийлөгч Кенийн боловсролын салбарт нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ амласан байна. Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд нийслэл Найроби хотноо байрлах дурсгалын хөшөөнд цэцэг өргөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ