Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-07-27

09.00 цагт  Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургалт эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр БСШУЯ-аас мэдээлэл хийнэ. Энэ онд залуу монгол судлаачдын зуны сургалтад Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Турк, Казакстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 11 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 29 залуу судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. 

Зуны сургалтын гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцаан дунд тусгай сургалт явуулж Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм.

 

11.00 цагт Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн Байнгын Хорооны залуучууд  А.Цэрэнтогтох хүүд цуглуулсан мөнгөө хүлээлгэн өгнө. Тодруулбал,Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн Байнгын Хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд Налайх дүүрэгт шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80 хувийн түлэгдэлтэй болсон баатарлаг хүү А.Цэрэнтогтоход зориулж "АХЫГ АВАРЪЯ" хандивын аянг амжилттай зохион байгуулсан. Хандивын аянд Монголын наадамчин олон, ард иргэд маш идэвхтэй өргөнөөр оролцон А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүсээд өглөгийн гараа уртаар сунган "Олны хүч Оломгүй далай" гэгчлэн багагүй хэмжээний хандив цуглуулснаа олон нийтэд өнөөдөр МЗХ-ны 209 тоотод хэвлэлийн бага хурал зарлан хүргэх аж.

 

 

11.00 цагт Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд тэмдэглэхээр боллоо. Энэ ажлын хүрээнд энэ сарын 30-ны өдөр Чингисийн талбайд “Алдарын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  цагаас НЗДТГ – ын Б танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 

 

 

13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг ТББ-ууд нэгдэн Холбоо байгуулах гэж байна. Холбоо байгуулах тухай анхны хурал өнөөдөр 13.00 цагаас Хүүхдийн ордоны бага зааланд болно.

 

 

14.00 цагт "Зориг сан", Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн хамтран Монголд ардчилал эхэлсэн түүх гэрэл зургийн цомгийг хэвлэн гаргажээ. Цомогт монголын ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг Англи, Монгол хэл дээрх тайлбарын хамт багтаасан байна.  Цомгийн нээлт өнөөдөр Blue sky-д болно.

 

 

Shuud.mn
Сонин хачин