Янукович ялаас мултарч чадахгүй

Майданы хувьсгалын дараа эх орноосоо дүрвэн гарсан Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг баривчилж, хуулийн дагуу шийтгэхээ өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжиллаа. “Прокурорын газар өмнө нь Засгийн эрхийг барьж байсан экс удирдлагуудын эрүүгийн хэргийн материалуудыг шүүхэд шилжүүлэхээр болсон” гэж Порошенко мэдэгджээ.
Ерөнхийлөгч Петр Порошенко “Янукович ялаас мултарч чадахгүй. Тэр хэдэн жилийн дараа энэ бүхэн сарнин үгүй болж, өөрийг нь мартана хэмээн найдаж байгаа байх. 10, 20 жил өнгөрсөн ч Януковичийг баривчлах болно. Энэ эрхмийн хийсэн зүйлийг Украинчууд бид мартахгүй. Украины хямралын гол буруутан нь Янукович” гэж хэлжээ. Януковичийг эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын мөнгийг хувьдаа завшсан, хүний амийг санаатайгаар хөнөөсөн, жагсаал цуглааныг хүчээр тараасан хэмээн буруутгаж өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд Украины ерөнхий прокурор ялласан билээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Киевын эрх баригчид Янукович болон түүний хамтран зүтгэгчдийг буруутган яллаж, бүх хөрөнгийг нь битүүмжилж, Интерполын тусламжтайгаар тэдний гадаад дахь дансыг хааж, эрэн сурвалжиж эхэлсэн юм.
Янукович өнгөрсөн сард Британийн “ВВС” агентлагт анх удаагаа ярилцлага өгсөн билээ. Тэрбээр “Майданы хувьсгалыг тараахын тулд цагдаа, хүчнийхэнд галт зэвсэг ашиглах зөвшөөрөл өгөөгүй” гэж мэдэгдсэн билээ. Энэхүү ярилцлагын дараа Порошенко дургүйцлээ илэрхийлж “Янукович гол буруутан. Тэрбээр олон хүн алсныхаа дараа Орос руу зугтаасан” гэж мэдэгджээ.
“Удар” намаар удирдуулсан жагсаалын үеэр 27 хүн тэнэсэн суманд оногдож амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ