Наадамчид А.Цэрэнтогтох хүүд 10 орчим сая төгрөг хандивлажээ

Өнгөрсөн зургаадугаар сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүд монгол түмэн тусламжийн гараа сунгасаар байна. Тухайлбал, Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны 50 гаруй залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд "Ахыг аварья" хандивын аяныг зохион байгуулсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
9 сая 210 мянга 884 төгрөгийн хандив цуглуулжээ
Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон хутагт асрууд барин, сурталчилгааны самбаруудыг байрлуулан хандив цуглуулсан. Наадамчин олон, ард иргэд “Дүүгээ аварсан баатар ах шүү, заавал эдгээрэй” хэмээн сайныг ерөөж, аянд идэвхтэй оролцсноор А.Цэрэнтогтох хүүд 9 сая 210 мянга 884 төгрөгийн хандив цуглуулсан гэж Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны дарга Т.Амарсайхан хэллээ. Мөн төгрөгийн дансанд өнөөдрийн байдлаар 646 мянга 061 төгрөг цугласан гэнэ.
Эмчилгээний зардлыг 150 сая вон болгож бууруулжээ
Хэвлэлийн хурлын үеэр А.Цэрэнтогтох хүүгийн нагац эгч М.Дэлгэрмаа “Юуны өмнө миний дүүгийн эрүүл мэндийн төлөө санаа тавьж, сайхан сэтгэлээр туслаж дэмжиж, урам хайрлаж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Дүүг минь эмчилж байгаа Солонгосын эмнэлэг анх эмчилгээний зардал 350-400 сая төгрөг орно гэж тооцоолж байсан ч нэг гэр бүлийн хоёр хүүхдийн эмчилгээний зардал, мөн А.Цэрэнтогтох-ын биеийн байдлыг харж хөнгөлөлт үзүүллээ. Ингээд 150 сая орчим вон буюу 270 орчим сая төгрөгөөр эмчилгээ хийхээ мэдэгдээд байна. Өнөөдрийг хүртэл гадаад, дотоодод амьдарч байгаа монголуудын маань бидэнд ирүүлсэн хандив мөнгө 210 сая төгрөг болоод байна. Одоо 60 орчим сая төгрөг үлдсэн” гэлээ.
Солонгос эмч нар хүүг хөл дээр нь босгоно гэж амалжээ
Аяны хүрээнд нийт 9 сая 856 мянга 945 төгрөг цугласныг хэвлэлийн хурлын төгсгөлд А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбатад хүлээлгэн өгсөн юм. Аав Б.Амарбат “Миний хүүгийн амь насыг аврахын төлөө сайхан сэтгэлээр тусалж байгаа монгол түмэндээ чин сэтгэлээсээ талархаж, баярлаж байна. Миний хүүгийн эмчилгээ сайн хийгдэж байгаа.
Одоогийн байдлаар босч суудаг болсон. Гуурсны тусламжаар шингэнээ гадагшлуулдаг байсан нь хэвийн болсон. Арьс нөхөх хагалгаанууд хийгдэж байна. Цээж, нурууны арьсыг өөрөөр нь нөхөн төлжүүлэх зорилготой тосон түрхлэгүүд түрхэж эхэлсэн. Дүүгийнх нь биеийн байдал маш сайн байгаа. Мөн адил арьс нөхөх тосон түрхлэг түрхэж байгаа. Сая хэд хоног хөдөө агаарт байлгаж байгаад ирлээ.
Монголчууддаа үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж байна. Хагалгаанд нь одоо 60 орчим сая төгрөг дутуу байгаа ч хүүгийн минь заяа түшиж зардал мөнгө нь бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Солонгос эмч нар бидэнд ямар ч байсан хүүг маань хөл дээр нь босгоно гэж амалсан. Гэхдээ гоо сайхны хагалгааг хийдэггүй. Маш өндөр үнэтэй гэж хэлсэн.
Ямар ч байсан хүү маань хөл дээрээ босчихвол, гоо сайхны асуудлыг дараа нь шийдэх боломжтой гэж бид ярьж байгаа. Хүүд маань сэтгэлийн дэм, амьдрах урам зориг хайрласан монголууддаа бүгдэд нь талархаж баярлаж байна” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ