С.Ганбаатар намаа, нөхдөө “хөдөлгөж” Засагт орох уу?

Засгийн газрын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна. МАН-ын зургаан сайд суудлаасаа бууж, засгаас “шахагдах” гэж буй энэ үед улс төрийн янз бүрийн таамаг, шум тарж байгаа нь нууц биш.
УИХ-ын дарга З.Энхболд ирэх наймдугаар сарын 3-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын 6 сайдыг хөөх асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдээлсэн. Гэвч АН-ынхан үүнийг эсэргүүцэж, намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж зүтгүүлсээр байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.
Ингэснээр МАН-д хэцүүхэн, АН-д “тогоон дотроо хагарах” үйл явц тохиох нь гэж харж байгаа хүн бий. Гэтэл улс төрийн томоохон намууд ингэж бажгидах зуур бие даагчид хүчээ авч эхлэх нь.
Тэд рейтинг өндөртэй яваа Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/-д элсэж, Засагт орж ирэх боломжтой юм. Энэ талаар ярих хүмүүс ч цөөнгүй байна.Өөрөөр хэлбэл, МАН-ын сайд нар хусагдах тэр мөчид бие даагчид “үнэд орно” гэж хэсэг бүлэг үзэж сууна.
Бүр тодруулбал, С.Ганбаатар, Г.Уянга, Ц.Даваасүрэн нарын бие даагчид Хөдөлмөрийн Үндэсний намд элсэж засагт хүчтэйгээр гарч ирэх нь.
Угаас Хөдөлмөрийн Үндэсний Намын “угшилтай” С.Ганбаатарын хувьд бие даагчдаа өлхөн элсүүлж, Засгийн энэ ороо бусгаа үед нэлээд урагшлах хандлагатай юм.
Тэгэхээр өдгөө бие даагчид ХҮН-д элсэж, Засгийн газарт орох уу гэдэг асуудал гарч ирээд байна. Учир нь бие даагчид хийгээд шинэ намыг дэмжих ард олон ч, томоохон хүчнүүд ч хүрээгээ тэлсээр байгаа үе юм.
Энэ засагт МАН-ын зургаан сайд ажиллаж буй. Хэрэв ийм хүнд байдлаар МАН хөөгдвөл олны шившиг болно. Тэднийг Монголын эрх ашиг, иргэдийнхээ төлөө сөрж дуугарч байсан гэж хүн байтугай нохой ч гаслахгүй. Харин ч эсрэгээрээ бүгдийг гацаасан, ажил хийлгээгүй л гэх хоч авна.
Харин эдний оронд бие даагчид гарч ирвэл ёстой л ард олны сэтгэлд нийцэж магадгүй болоод байгаа юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Монголдоо рейтинг өндөртэй улс төрчдийн нэг яах аргагүй мөн. Тэгвэл тэрбээр өөрийн байгуулсан улс төрийн намдаа төр түшилцэх хэдэн нөхдөө элсүүлж гарч ирвэл багагүй шуугиан дэгдээх биз ээ.
Хөдөлмөрийн Үндэсний нам байгуулагдах үед л эрх баригчид эмээж эхэлсэн болохыг улс төрийн хүрээнийхэн ярьж байсан. Улс төр судлаачдын хувьд ч шинэ, залуу боловсон хүчинтэй улс төрийн нам гарч ирэх ёстой, олон жил эрх барьж бугшсан улс төрийн намуудыг цэвэрлэх хэрэгтэй гэж ч үг чулуудаж байсан билээ. Тэгвэл шинэ улс төрийн хүчин, рейтинг өндөртэй бие даагчид нэгдчихвэл юу болох бол?
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ