Хог түүх аянд УИХ-ын гишүүдийг дууджээ

Монголын фэйсбүүкийн хэсэг бүлэг залуусын санаачилгаар хоггүй цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор эхлүүлсэн #ХогBucketChallenge аян амжилттай үргэлжилсээр байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр аяныг санаачлагч залуус Маршалын гүүрний доод хэсгийн хогийг цэвэрлэсэн юм. Хэн нэгнийг хүлээж суулгүй өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлсэн энэхүү аяны санаалагчдын хувьд Орчлон групп компанийн ерөнхий захирал, Тотал мюзик сургалтын төвийн гитарын багш, нягтлан, эрх зүйч сэтгүүлч, дуу оруулагч зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийн залуус байсан аж.
Гол зарчим нь нэг хүн #ХогBucketChallenge –ийн хүрээнд гурван шуудай хог цэвэрлэж, гэрэл зургаар баталгаажуулан өөрийн фейсбүүк хуудсандаа байршуулна. Дараа нь уг аянд гурван хүнийг нэр цохон уриалан дуудаж, тэдгээр хүмүүс нь уриалгыг хүлээн авснаа мэдэгдэж, хог түүсэн зургаа баримтжуулах, дараагийн гурван хүнээ дуудах зэргээр олон нийтийг хамарч байна.
Монгол улсын өнцөг булан бүрт үргэлжилж буй уг аяны хамгийн бяцхан оролцогч зургаан настай Тэнгис гэдэг хүү гурван уут хогоо түүчихээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, МАН-ын даргын Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ж.Жаргалсайхан, MNG Event "Дакацо" компанийн ерөнхий захирал Mng Daka нарыг дуудсан юм.
Тэднийг гурав хоногийн дотор гурав болон түүнээс дээш уут хогийг цэвэрлэн зургаа постоор оруулж дараагийн гурван хүнээ дуудахыг хүсчээ. Залуус бяцхан хүүгийн хүсэлтийг хүлээн авч, Хийморийн овооны харалдаа Туул голын хэсэгт нэг портер хогийг түүж, хогийн цэгт хогоо хаян даалгавараа амжилттай биелүүлж, дараагийн гурван хүмүүсээ дуудсан байна.
Уг аяны дуудлагыг Баянгол дүүргийн засаг дарга НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо хүлээн авч, дүүргийнхээ III хорооны ажлын албаныхантай тус хорооны нутаг дэвсгэринй хогийг түүсэн аж. Харин тэрбээр Сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, “Баялаг Бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нарыг дуудсан бөгөөд тэд дуудлагыг хүлээн авчээ.
Аяны хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан албан байгууллагууд ч идэвхитэй оролцож эхэлжээ. Тухайлбал, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон НТВ телевиз, UBS телевиз, Боловсрол суваг телевиз, Юнител групп, Скайтел групп, Мобиком корпораци байгууллагууд уг дуудлагыг хүлээн авснаа эхнээсээ мэдэгдэж эхэлсэн аж.
Тэгвэл #ХогBucketChallenge аянд оролцогчдоос УИХ-ын гишүүд, төр захиргааны удирдлагуудад дуудлага өгсөн ч харж амжаагүй байх магадлалтай хүн цөөнгүй байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүдээс М.Зоригт, С.Дэмбэрэл, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан нар уг аянд дуудагдаад байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Болор нар энэ аяны хүрээнд дуудлага хүлээн авснаа мэдэгдээд байна.
Нийслэл хотоос Хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын зөвлөх НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Зорчигч тээврийн нэгтгэл ТӨҮГ-ын захирал НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Шар айраг хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Мах импекс компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр,МУГЖ дуучин Т.Ариунаа, Repper Gee зэрэг хүмүүс дуудагдаад байна.
Дэлхийн нийтээр сүүлийн жилүүдэд "challenge" гээд нэг хэсэг олны анхаарлын төвд орсон аян өрнөх болсон. Өнгөрсөн жил #icebucketchallenge гээд хамаг байдаг цэвэр усаа өөр дээрээ асгасан. Уг нь мөстэй хүйтэн ус асгаж байгаа юм шиг өвддөг тэр өвчнийг өөрийн биеэр мэдрээд, өвчтэй хүүхдэд хандив өргөх ёстой байсан. Гэтэл уг аяны утга учир алдагдаж сүүлдээ зугаа болоод л дууссан.
Тэгвэл монголчууд бидний хувьд жинхэнэ нэгдэх ёстой, бусдыг уриалан дуудах ёстой "challenge" бол энэхүү #Хогbucketchallenge аян. Тиймээс хүн бүр энэхүү аяны дуудлагыг хүлээн авбал гурван шуудай хог түүж, дараагийн гурван хүнээ дуудан, аяныг үргэлжлүүлэхийн зэрэгцээ аянд дуудагдсанаа мэдээгүй яваа нэгэндээ ч дамжуулаарай. Ингэж тасралтгүй үргэлжилсэнээр эх орон минь хоггүй цэмцгэр болно. Магадгүй хээр хөдөө, хот суурин газарт хог хаядаг нөхдүүд энэхүү аянд дуудагдсанаар бусдын хаясан хогийг түүх ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч дахин хог хаяхгүй болох ч юм бил үү.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ