АНУ-ын элчинг дахин сүрдүүлжээ

img

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо суух АНУ-ын Бүрэн эрхт Элчин сайдыг сүрдүүлж, амь насанд халдахаар төлөвлөж байсан эрэгтэйг Сөүлийн цагдаа нар баривчилсан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Цагдаа нар 33 настай эрэгтэйг сэжиглэн баривчилсан байна. Эрэгтэй АНУ-ын Цагаан ордны төв сайтад “Элчин сайд Марк Липпертийг цацрагт идэвхит бодисоор хордуулж, аминд нь хүрэх болно” гэж бичжээ.

 

Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр “Дээрх сүрдүүлгийн захиа дүрмийн алдаа ихтэй байсан. Утгыг нь бүрэн тайлж чадаагүй. Тиймээс Сөүлийн талтай холбогдож, учраа тайлбарласан” гэжээ. Цагдаа нар Элчин сайдыг сүрдүүлсэн этгээдийг баривчилж, гэрийг нь битүүмжилсэн байна. Эрэгтэй гэрээсээ Цагаан ордон руу захиа илгээж байсан нь тогтоогдсон ч тэрбээр хэргээ хүлээхээс татгалзжээ.

 

Өнгөрсөн гуравдугаар сард Элчин сайд ажлын байр руугаа явж байхдаа халдлагад өртөж, нүүр болон гарандаа хүнд гэмтэл авсан билээ. Сайд нүүрэндээ 80 оёдол тавиулсан юм. Цагдаагийнхан Элчинд халдсан 55 настай Ким гэгчийг баривчилсан. Ким нь АНУ хоёр Солонгосыг дайтуулахыг хүсч, өдөөн турхирч байна хэмээн ийнхүү Элчинд халджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ