М.Зоригт: Эрх чөлөөгөө хамгаалж яваарай

1990 оны долдугаар сарын 29-ний өдөр Монгол Улс анхны ардчилсан, чөлөөт сонгуулийг зохион байгуулж, Ардчилсан улс болсноо дэлхий нийтэд зарлаж байсан юм. Энэхүү түүхт өдрийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал өчигдөр Шангри-Ла зочид буудалд болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригттой уулзаж цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.
-Монголын ард түмэн анхны ардчилсан сонгуульд оролцсоны 25 жилийн ойн өдрийг хүндэтгэн тэмдэглэлт өдрүүдийн нэг болгохоор болжээ. Таны хувьд 25 жилийн өмнө хаана, юу хийж явсан бэ. Энэ талаар эргэн дурсвал?
-Монголчууд өөрсдийнхөө тархи толгойгоор анх удаа ардчилсан чөлөөт сонголт хийсэн сонгууль юм. Тэр үед би 20 настай, Монголын оюутны холбооны анхны ерөнхийлөгч, Ардын их хурлын сонгуулийн 40 дүгээр тойрогт нэр дэвшээд явж байсан. Өнгөрсөн цаг хугацааг би юугаар үнэлдэг вэ гэхээр олон зуун жилийн түүхэнд бидний монголчууд бүтэлтэй, бүтэлгүй нь хамаагүй анх удаа өөрсдийн засаг төрөө өөрсдөө сонгодог болсон.
Бидэнд хил хязгаарын тусгаар тогтнол байсан хэдий ч тархи толгойны тусгаар тогтнол, чөлөөт сэтгэлгээний, өөрөө удирдах эрх чөлөөг эдлээгүй байсан. Манжийн дарлал, коммунизм, Кремль гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. 25 жилийн тэртээгээс эхлээд бид нар юм юм л үзэж байна. Гол нь бид засаг төрөө эмхлэн байгуулах, хаашаа яаж хөгжихийгээ өөрсдөө шийддэг болсон. Энэ 25 жил монголын олон зуун мянган жилийн түүхэнд үлдэх том түүх л гэж хэлмээр байна.
-Өнөөдөр залуус ардчилал эрх чөлөөний үнэ цэнийг сайн ойлгохгүй, зөвхөн өөрийн хүссэнээрээ дураараа байх гэж ойлгоод байх шиг. Ер нь та ардчиллыг ямар байх ёстой гэж бодож байна?
-Одоогийн залуучуудад хэлэхэд хатуухан шиг бүсээр ороолгодог, хатуу аавын үгээр нэг бүсгүйг заалгаж, эхнэр авах уу. Өөрийн чөлөөт сонголтоор, сэтгэлийн дуудлагаар найз бүсгүйтэй болох уу. Зөвхөн гараа зангидаад дайрдаг хатуу аавын үгээр амьдрах уу эсвэл орой гэртээ хоолныхоо ширээгээ тойроод өөрсдийн асуудлаа шийддэг байх уу. Өнгөт зурагт авах уу, мотоцикл авахуу гэдгээ хамт ярьж байгаад шийднэ гэсэн үг. 25 жилийн тэртээ бид өөрийн тархи толгойгүй, амьдар гэсэн газар нь амьдарч, амьсгал гэсэн газар нь амьсгалж, нутаг заагддаг.
Унш гэснийг нь уншдаг, уншиж болохгүй юмыг нь уншчихвал хоригддог. Гадаад явах эрхгүй. Хөдөө садан төрлөөрөө очих эрхгүй байлаа. Хөдөө яваад очлоо гэхэд садан төрлийнхөн маань ганц хонь гаргаад өгөх мэдэлгүй. Хэдэн өдөр сум, нэгдлийн даргаас цохолт авч байж ганц хонь төхөөрч өгөх эрхтэй болдог байлаа. Энэ бүхнийг яриад байвал их олон юм ярина. Харин өнөөдөр монголчууд бид дэлхийд хамгийн эрх чөлөөтэй оронд амьдарч байна.
Өнөөдөр Ардчилсан нам засаг барьж байна. Ардчилсан нам засаг барьсан цагт иргэдийн дуу хоолой илүү чангардаг. Бусад нам эрх барьвал дуугаа хурааж, бөгтийж эхэлдэг. Одоо Ардчилсан намын үед хэн зоригтой нь фейсбүүк, твиттерээр юу дуртайгаа л гаргаж, хэвлэл мэдээллээр ч гарч байна. Аливаа асуудалд ажил хэрэгч бус хандах, гутаан доромжлох асуудал ч хэрээс хэтэрч байна. Гэхдээ тэр ч гэсэн ардчиллын нэг хэлбэр. Тийм учраас энэ эрх чөлөөгөөрөө бахархаж яваарай. Энэ эрх чөлөөгөө хамгаалж яваарай гэж залуучуудаас хүсмээр байна.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ