Ямааны таргаар айргийн хөрөнгөө исгэдэг

Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн их Даншиг наадмын үеэр “Хөхүүрийн шилдэг айрагны дээжээр мялаалга өргөмүй” уралдаан, айраг, түүний соёл, уламжлалыг сурталчлах өдөрлөгт Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн малчин Д.Энхбаярынх амжилттай оролцсон. Хамгийн сайхан айрагтай өрхөөр шалгарсан, удам дамжсан малчин, адуучин түүнтэй цөөн хором ярилцснаа хүргэж байна.
-Хамгийн сайхан айрагтай айлаар шалгарлаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Манай сум 10-аад жил айргийн баяр хийж байгаа. Түүндээ нэлээн дээгүүр байр эзэлж байсан. Тэгээд манай сумаас намайг онцолж энэхүү сайхан наадамд орооч гэсэн. Түүнд нь урамшаад сайн бэлдсэн, сайхан оролцлоо.
-Наадамд оролцож байгаа бусад өрсөлдөгчийнхөө айргийг амсаж үзсэн байлгүй. Ямар санагдаж байв.
-Амсаж үзсэн. Хүн өөрийнхийгөө л гэж боддог юм билээ /инээв/. Манай айргийг уусан хүмүүс ч “Зүгээр шүү. Дээгүүр байна” гэж ярьж байсан. Ер нь нэг үү, хоёр уу гэсэн итгэл бол байсан.
-Танай айраг ямар онцлог, амт, чанараараа хамгийн сайхнаар шалгарав. Хөрөнгөө хэрхэн бэлтгэдэг юм бэ?
-Бид хавар болохоор ямааны таргаар айргийн хөрөнгөө исгэдэг. 5-7 хоногийн хугацаанд тараг маягийн байна. Сүүлдээ айраг болдог. Сайхан айраг исгэхэд бас нэгэн чухал нь айраг бүлэх. Хамгийн доод тал нь 2500-аас дээш тоогоор бүлнэ. Чи 500, би 1000 гээд л ээлж, ээлжээр айргаа бүлцгээнэ шүү дээ. Хоёрдугаарт хөхүүр. Хөхүүр айргийг эвддэггүй. Бид өөрснөө айраг их уудаг болохоор амтаа мэднэ. Мал ахуйн их ажлынхаа хажуугаар Бүгдийг сайн тохируулж, сайхан айраг исгэхийн төлөө л үзнэ шүү дээ. Энэ наадамд оролцох гээд ойрын хугацаанд бүр их мэрийлээ.
-Танайх хэдэн гүү уядаг вэ. Өдөрт хэдэн литр айраг исгэж байна вэ?
-Манайх 30-аад гүү уядаг. Өдөрт 5-6 удаа саахад 70-80 литр айраг гардаг.
-Хөхүүрээ өөрөө урладаг гэсэн. Нарийн, их ажиллагаа орно биз дээ?
-Би удам дамжсан малчин, морь мал уяж сойдог хүн. Хөхүүрээ ч бас өвөө, ааваасаа суралцаад хийж байна. Өвөл идшинд хэрэглэсэн аль болох том эр үхрийнхээ ширээр хөхүүр хийдэг. Өвчихдөө хүртэл исгэхгүйгээр учиртай өвчинө. Хавар ширээ янзалж, үсийг нь авна, наранд өгнө уринд өгнө, оёж хатгахаас эхлээд олон ажлыг гүү барихаас өмнө л амжуулна шүү дээ. Хөхүүр айргийн амт, чанарыг нэг түвшинд барьдаг. Одоо л хөх сав гээд байгаагаас урьд нь айлууд дандаа л хөхүүрээ хэрэглэдэг байсан шүү дээ.
-Хөхүүр зөөлөн эд болохоор арчилгаа ихтэй. Хэдэн жилийн настай байдаг вэ?
-Тиймээ. Зөөлөн эд болохоор элэгдэнэ, цоорно. Ер нь дөрвөөс таван жилийн настай байдаг. Манайх энэ хөхүүрт дөрвөн жил айраг исгэж байна.
-Шагнал гардуулах үеэр таныг морь мордуулахаар явсан гээд эзгүй байсан. Их Даншиг наадамд хурдан хүлэгтэй ирээ юу?
-Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Хурдан хүлэгтэй ирсэн найзуудынхаа морьдыг мордуулж өгөөд ирлээ. Би энэ наадамд морь сойгоогүй. Морь уядаг. Манай суманд айргийн баяр тэмдэглэж охин даага уралдуулдаг юм. Тэр наадмаас түрүү, айраг авч байсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ