Худал мэдүүлэг өгсөн цагдааг баривчилжээ

img

АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотын замын цагдаагийн ажилтан 25 настай Рау Тенсинг энэ сарын 19-нд 43 настай Самуел ДуВосе гэгчийг согтуугаар жолоо барьсан, хурд хэтрүүлсэн, эсэргүүцэл үзүүлсэн хэмээн буудан хороосон билээ. Тэрбээр аргагүйн эрхэнд түүнийг буудан хороосон хэмээн мэдэгдэж, өнгөрсөн амралтын өдөр батлан даалтаар суллагдаад байсан юм. Тэгвэл хохирогчийн ар гэрийнхэн шинэ нотлох баримт сэтгүүлчдэд үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэрэг гардаг өдөр хохирогч эр машинаараа “University of Cincinnati” их сургуулийн хашааг мөргөсөн байна. Энэ үед цагдаагийн ажилтан ямар ч сануулга өгөхгүйгээр хохирогч руу хэд хэдэн удаа бууджээ. Цагдаагийн ажилтан хүний аминд санаатайгаар хүрч буй бичлэгийг тус сургуулийн нэгэн оюутан хийсэн аж. Тэрбээр “Миний бодлоор амиа алдсан эрэгтэй жолооны үнэмлэхгүй байсан. Тэр цагдааг хараад зуггтахыг оролдож, улмаар сургуулийн хашааг мөргөсөн. Эрэгтэй машиныхаа цонхыг онгойлгоод нэг шил виски гаргаад “Би жоохон уусан” гэж хэлэхэд цагдаа гэнэт буудаж эхэлсэн. Тэр цагдаа ямар ч сануулга өгөөгүй. Би баталж байна” гэжээ.

 

Цинциннати хотын цагдаагийн газар нотлох баримтыг сайтар нягтлан үзээд худал мэдүүлэг өгсөн цагдааг баривчилж, хуулийн дагуу шийтгэхээ амласан байна. Хохирогчийн охин Терина Аллех “Ройтерс” агентлагт “Дахиад л нэг цагдаа хүний аминд хүрлээ. Америкийн бүх мужид ийм зүйл тохиолдож байна. Цагдаа нар өнгөт арьстай хүмүүстэй хэрцгий ханддаг. Үнэхээр урам минь хугарлаа” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ