Олон түмнээ ойлгож байж улстөрөө аварна

Анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулсны 25 жилийн ой өчигдөр тохиосон. Монголчууд бидний хувьд түүхэн сонголт хийсэн энэ өдрийн талаар УИХ-ын асан гишүүн, Гавъяат тээвэрчин, Хөдөлмөрийн баатар Р.Раштай уулзаж сэтгэгдлийг сонссон юм.
Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн 25 жилд алдаж, оносон юм аль аль нь байгаа. Тэр хэмэжээгээрээ бүтсэн урагшилсан ажлууд их бий. Анхны сонгууль их цэвэр болсон. Хэрэв тэр үе шиг сонгууль болвол нийгэм цэвэршиж, монголын төр цэвэршинэ тэр утгаар нь л ойлгож байна.
Тухайн үед сонгууль хийхэд одоогийн энэ өнгө мөнгө гэдэг асуудал байгаагүй. Төлөөлөл их сайн ажилладаг байсан. Монголын 300 гаруй сумаас Ардын их хурлын төлөөлөгчид ирэн Үндсэн хуулиа баталсан юм. Энэ бүхний хариуд “Зан сайтан айлд хүн олон цугладаг “ гэдгээр дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирж, дэлхийн нэртэй том улс төрчид талархаж үгээ хэлж байгаа нь сайхан санагдаж байна.
Ардчилал зөвхөн Ардчилсан намынх биш. Үндсэн хуулийг батлах, ардчиллын үнэт зүйлийг бий болгоход Ардын намын оролцоо ч бий. Тухайн үед одоогийн МАН, тэр үеийн МАХН л төр барьж байсан. Анхны ардчилсан сонгуульд оролцогчидын 80 гаруй хувь манай намын гишүүд суудал авч байсан. Дараа нь Улсын бага хуралд 60 гаруй хувь нь манай намынхан суудал авч байсан. Тэгэхээс өөр арга байгаагүй. Тэгэхээр ардчилал гэдэг нийтийн л юм. Түүнээс биш нэг намын өмч биш.
Өнөөдөр аливаа асуудалд тодорхой хэмжээгээр шүүмжлэлтэй хандах зүйл их байна. Тухайлбал, манай улс төр эдийн засгаасаа сүрхий салсан гэж би боддог. Хийрхэл их байна. “Улс төр гэдэг эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл” гэж нэртэй нэг суут хүний хэлсэн үг байдаг. Тэгэхээр эдийн засаггүйгээр улс төр явна гэхээрээ нөгөө “демогок” гэдэг юм руугаа яваад байгаа юм.
Тийм учраас уулын оройгоор доллар ярьж, том уриа лоозон гаргах яах вэ. Бэл руу бууж аргал түүмээр байгаа юм. Ард түмнийхээ амьдралыг мэдмээр байгаа юм. Энэ л юм руу орж, олон түмнээ ойлгож улстөрөө аврахгүй бол хий дээгүүр цэцэрхээд явбал ам ажлын нэгдэл талаар болно. Ийм л юм хэлмээр байна” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ