Цагаатгалын комисс байгуулагдаад 25 жил болж байна

img

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсанаас хойш эдүгээ 25 жил болж байна. Улсын комисс байгуулагдсанаар хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төдийгүй хэлмэгдэгчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт тусламж дэмжлэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах зэрэг олон ажлыг зохион байгуулсаар байна.

 

 

Улсын комисс өнгөрсөн 25 жилийнхээ ажлыг дүгнэх, үйл ажиллагаагаа олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах энэ хүрээнд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 9 дүгээр сарын 10-ныг тэмдэглэн өнгөрүүлэхийн сацуу байгууллагынхаа товч танилцуулга, Улсын комиссын 25 жилийн ажлын тайлан ном, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн түүхийн талаар ном, фото зургийн альбом хэвлүүлэх, баримтат кино хийх, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, өдөр тутмын сонинд мэдээ, мэдээлэл нийтлүүлэх, олон нийтийн дунд санал асуулга явуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач  зээ нарт нөхөх олговор олгох ажлын тухай мэдээллүүдийг цагаатгалын салбар комиссоос нэгтгэн авч  дүгнэлт хийх юм.

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны дараа улс төрийн хэлмэгдүүлэлтийн бодит үнэнийг тогтоох, хор уршгийг арилгах, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг гүйцэтгэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийг 1991 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн дэргэд байгуулсан билээ. Судалгааны төв улс төрийн хэлмэгдэгсдийн намтрыг судалж цуврал боть хэвлүүлэх, хэлмэгдүүлэлтийн талаар нэвтрүүлэг хийх,  ном хэвлэн гаргах зэрэг олон ажлыг гүйцэтгэж байгаад  өнгөрсөн онд  татан буугдсан билээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын удирдлага байгууллагынхаа 25 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд тус төвд ажиллаж байсан ажилтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү уулзалтад тус судалгааны төвд ажиллаж байсан 30 орчим ажилтан уригдаж оролцов.

 

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог энэ арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, тус төвийнхэн өнгөрсөн хугацаанд асар хүнд ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд  тэдний хүч чармайлт, оролцоогүйгээр  цагаатгах ажлыг төсөөлөхийн аргагүй гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр, Судалгааны төв татан буугдсан ч улс төрийн хэлмэгдүүлэлт, хэлмэгдэгсдийг цагаатгах талаарх судалгааны ажил цаашид гэрээний үндсэн дээр хэвийн үргэлжилнэ гэдгээ мэдэгдлээ.

 

Тус төв нь цагаатгагдсан иргэдийн талаарх  мэдээлэл бүхий 4 боть нийт 700 гаруй хэвлэлийн хуудас “Улс төрийн хэлмэгдэгсдийн цагаан ном”-ын цуврал бүтээлийг хэвлэн гаргасны  зэрэгцээ  тэдгээрийг цахим хэлбэрээр нийтийн хүртээл болгоход анхаарч ажилласан байна. Түүнээс гадна хэлмэгдэгсдийн талаар намтарчилсан 18 цуврал ном, 100 орчим төрөлжсөн судалгааны ном, товхимолоос гадна сонин хэвлэлд улс төрийн хэлмэгдүүлэлт, хэлмэгдэгсдийн тухай олон нийтлэл бэлтгэж нийтлүүлж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ж гантуяа:
Миний аав 1916 онд төрсөн хүн бдагямар бсан хязгаарын цэрэгт алба хаасан ардын хуевьсгалын байлдааны японыг ялсаны гээд 3н медадь авсан лам аавыгаа нууж цэрэгт яваад 1934 онд 1936 онд цэрэгт байхад нь аав нь эргэлтээр ирээд сураггүй болсон үүнээс хойш цэрэг бага дарга офицероор ажиллаж байгаад 1947 онд ажилаас чөлөөлөгдсөн хожим жолооны курст суугаад НАХЯны ҮААГын түлш бэлтгэх ангид ахлагч жолоочоор ажиллаж бсан гэх ингэж эх орныхоо 2дайны үед хязгаарын цэрэгт 15н жил ажилчаад намд ч элсэж чадалгүй .тэтгэвэрт гарахдаа хүртэл офицероор ажилсан жилээ оруулж чадахгүй ийм хүнд байдалд бж бгаад хожим 28р баазаас тэтгэвэрт гарсан өөрөөс нь асуухаар лам хүний хүүхэд гэвэл хэцүү бсан шүү дээ гэх үгийг хэлдэг бсан аав минь даруухан авяъслаг хөгжим тоглох дуулах техник сэтгэлгээ сайн хүн байсан 1990 онд нас бархаасаа өмнө бүх юмаа ярьсан нь энэ билээ
2020-03-10