Гуйя Э.Бат-Үүл даргаа ”560 сая-2 цэцэрлэг”

Хүй долоон худагт ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд нийслэлийн Даншиг наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.
Энэхүү наадам нь Монгол үндэсний соёл, уламжлалыг сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын соёлын өвийг дэлгэрүүлэх, аймгуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, байгаль орчныг хамгаалах үйлсэд уриалах хамтын ажиллагааг сайжруулах зорилготой гэдгийг ч мэдээлж буй.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн зарим иргэд Даншиг наадам зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэдний хэлж буйгаар улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд үргүй зардал гаргаж, найр наадамд их хэмжээний мөнгө зарцуулахыг эсэргүүцэж байгаа аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр БГД-ийн иргэн н.Ууганаа "560 сая төгрөгийг наадамд зарцуулахын оронд тэр мөнгөөрөө иргэддээ тусламж үзүүлчихээчээ гэж Бат-Үүл даргаас гуйж байна. Энэ мөнгө элэгний С вирустай 235 хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хүрэлцэнэ. Найр наадмыг бус амьдрал нь хэцүү, хүнд байгаа иргэдээ бодооч. Энэ мөнгөөр хэрэгтэй зүйлд хөрөнгө хоруулахыг хүсч байна" гэж ярьсан.
Мэдээлэл хийж буй нийслэлийн иргэдийн төлөөлөл "560 сая-гадаадад эмчлүүлэх иргэдийн төлбөр", "560 сая-хотын өвөлжилтийн бэлтгэл", "560 сая-2 цэцэрлэг", "560 сая-ХУД 32, БГД 73 дугаар сургуулийн засвар", "560 сая-ХУД-т 4 дүгээр төрөх эмнэлэг" зэрэг лоозон барьсан байлаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ