Олон улсын хүндэтгэлийн хурлыг ингэж төсөөлсөн үү?
Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулжээ. Энэ сонгуулийн 25 жилийн ой тохиож, гуравхан хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн хүрээнд болсон хамгийн том арга хэмжээ нь 29-ний өдөр Шангри-Ла зочид буудалд болсон Олон улсын хүндэтгэлийн хурал байв. Хурлын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Энэ хуралд гадаадын таван улс орон, олон улсын есөн байгууллага, хавсран суугаа 13 элчин сайд, Улаанбаатар хот дахь Дипломат корпусын 26 тэргүүн зэрэг гадаадын 114 төлөөлөгч оролцож байна” хэмээн мэдэгдсэн. Үнэхээр ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жефри Фелтман, Японы Ерөнхий сайдын тусгай элч Цүтомү Такэбэ, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Баг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийн, Бельгийн Ерөнхий сайд асан, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Роза Исаковна Отунбаева нар хүрэлцэн ирсэн байв. Харин өнөөдөр алба хашиж буй гадаадын төр засгийн тэргүүнүүд харагдсангүй. Нэлээд нь видео мэндчилгээ дэвшүүлж, зарим нь элчээ явуулж оролцуулав.
Уг нь энэ арга хэмжээг нүсэр том зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж, дэлхийн олон улсын төр засгийн тэргүүнүүдийг угтан авахаар төлөвлөөд байжээ. Гэвч төсөөлснөөр болсонгүй гэнэ. Энэ нь Монгол Улсын гадаад нэр хүнд ямар байна вэ гэдгийг илтгэж байгаа хэрэг хэмээх дипломатчийн үг ч дуулдаж байна. Хамгийн гол нь салбарын яам, түүний сайд Л.Пүрэвсүрэн Монголын түүхэн энэ арга хэмжээг “чулуу” болгох үүрэгтэй байсан ажээ.
Т.Баасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ