Жолоочийн даатгалын зарим итгэлцүүрийн хувийг өөрчиллөө

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хурлаар жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцдог зарим итгэлцүүрийн хувь хэмжээг өөрчлөв.
Тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа газар нутгийн байршлийн итгэлцүүрийг Улаанбаатар хотод 1,0 байсныг 1,2, Орхон, Сэлэнгэ, Дархан Уул, Төв аймагт 0,9 байсныг 1,1 болгосон байна. Хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газарт осол их гардагтай холбоотой эдгээрт оршин суудаг иргэдийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын хураамж нь олгож буй нөхөн төлбөрийнхөө хэмжээнд хүрдэггүйгээс итгэлцүүрийг нэмсэн аж.
Мөн даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагын итгэлцүүр буюу 22 хүртлэх насны, 2 жил хүртэл туршлагатай жолоочийн ангилалыг хамгийн их осол гаргадаг 25 хүртэлх насны, 3 жил хүртэлх туршлагатай жолооч нарт хамаатай байхаар, тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлын итгэлцүүрээр “В” ангилалын хөдөлгүүрийн багтаамжид хамаардаг техникийн хэрэгсэлд 0,1 фуктээр өсгөжээ.
Ингэснээр нэг талаас даатгалын компаниудаа дэмжиж, нөгөө талаас даатгалын хураамжийг даатгалын тохиолдол их гаргадаг даатгуулагч арай илүү хэмжээгээр, даатгалын тохиолдол гаргадаггүй даатгуулагчийн хувьд хөнгөлөлт эдлэх зарчимд нийцүүлэн тогтоосон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ