“МН370” онгоцны далавч болохыг батлав

Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа сураггүй алга болсон Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцны далавч байх магадлалтай хэсгийг өнгөрсөн долоо хоногт аврагчид Энэтхэгийн далайд орших Реюнион арлаас олсон билээ. Жижиг хэсгийг Куала Лампур хотноо хүргэж, шинжилгээ хийсэн бөгөөд энэхүү хэсэг “МН370” онгоцынх мөн болохыг баталсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Малайзын талаас мэдээлснээр “Реюнион арлаас олдсон хэсгийг шинжилж үзэхэд “МН370” болохыг тогтоосон. Арлаас олдсон хэсэг бол онгоцны далавчны хэсэг. Онгоц нислэг үйлдэж явахад энэхүү жижиг хэсэг унасан байх магадлалтай. Аврагчид жижиг хэсэг олдсон газарт самналт хийж, онгоцноос сураг гаргахаар ажиллаж байгаа. Бид ажлаа баттай болгохын тулд олдсон хэсгээ Франц руу илгээхээр болсон” гэжээ.
Францчууд онгоцны хэсгийг Тулуз хот дахь Францын иргэний агаарын тээврийн осол хариуцсан хэлтэс рүү хүргүүлж, судалгаа хийнэ гэж төлөөлөгч Агнес Тибо-Лекувре “AFP” агентлагт ярьжээ. Мөн далавч олдсон хэсгээс гар цүнх, чемодан олдсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ