Танхимын халаа сэлгээг таамаглахад эрт байна

Хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдээ баталж амжаагүй парламент наймдугаар сард ээлжит бусаар хуралдана гэдгээ наадмын өмнө мэдэгдсэн. Тэр ёсоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ээлжит бус чуулганыг 14 хоногийн хугацаанд хуралдуулах шийдвэрийг гаргаж, өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Ингэснээр ээлжит бус чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эдийн засгийн ил тод байдал, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хуулиудыг хэлэлцэхээр болжээ. Ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын 26 гишүүн ирээгүй юм. Харин бусад нам эвслийн 41 гишүүн нээлтэд оролцлоо.
УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсэний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож дээрх асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна” хэмээлээ.
Хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдээс гадна 14 хоногийн хамгийн халуун сэдэв нь МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал байх нь ээ. Наадмын өмнөх нэг сарын хугацаанд улс төрийн ярианы сэдэв болоод байсан МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал энэ 14 хоногт нэг тал руу эцэслэгдэж, хөөх үү, үлдээх үү гэдгийг шийдэх нь гэсэн хүлээлт нийгэмд үүслээ. Үүсээд буй асуудалтай холбогдуулж, улстөрчид, улс төрийн намууд янз бүрийн байр суурь илэрхийлж эхэллээ.
Мөн хэвлэл мэдээлэл ч З.Энхболд намын даргаа, Ерөнхий сайдаа ч авч сонгуульд орох уу гэсэн таамгийг дэвшүүлж, өөр өөрсдийн өнцгөөр асуудалд дүгнэлт хийж байна. Үйл явдал хэрхэн өрнөж байгаа, цаашид хэрхэх вэ гэдгийг ч үүсээд буй нөхцөл байдалд тулгуурлан таамаглая.
Ийм магадлал өндөр гэдгийг улс төр судлаачид, нийтлэлчид, цаашлаад намын гишүүд нь хэлж байгаа. Хэрвээ З.Энхболд үлдсэн жил хүрэхгүй хугацаанд Ерөнхий сайдын албыг хашвал намын нэр хүндээс гадна, өөрийнх нь нэр хүнд ч бүрмөсөн унана гэж улс төр судлаачид дүгнэж байгаа юм. Ардчилсан засаг энэ удаад Ерөнхий сайдаа унагаж танхимыг тэр чигээр нь унагавал дахиад рейтинг нь өсөхөөсөө өнгөрнө. Ирэх 20 жилд “лааз өшиглөнө”. Жирийн гишүүд нь ч үүнийг намынхаа удирдлагуудад улиг болтол хэлж байгаа.
Тиймээс туршлагатай улстөрчийн хувиар Ерөнхий сайдын суудлыг авлаа гээд ашиг гарахгүй гэдгийг мэдэж байгаа юм. Тиймээс намын ҮЗХ-оор асуудлыг оруулалгүй, намын дүрмийн дагуу өөрөө даргын хувиар шийдвэр гаргаж танхимын зургаан сайд дээр халаа сэлгээ хийж, фракцийн зарчмыг үл харгалзан мэргэжил мэдлэгийг харж парламентын гаднаас зургаан сайдыг томилох ёстой гэсэн шахалт явуулж байгаа нь дамжиггүй. МАН-ын зургаан сайдын суудалд ил далд санаархаж буй нөхөд АН-ын гишүүд дотор цөөнгүй байгаа.
Суудлын төлөөх өрсөлдөөн ч аль хэдийнэ нам дотор эхэлсэн. Тэгвэл гаднаас мэргэжлийн хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж, эхэлсэн ажлаа МАН-гүйгээр дуусгах гэсэн нүүдэл хэмээн дүгнэж болох нь ээ. Хэрвээ намын бүлгийнхээ гаргасан зургаан сайд бүгдээрээ УИХ-аас суух ёстой гэдэг шийдвэрийг намын даргын хувиар, УИХ-ын даргын албан тушаалдаа нийцүүлж дэмжвэл АН 10 Ерөнхий сайдыг сольж тавиад ч эргэж сонгуульд ялж чадахгүй гэдгийг улс төрийн нүүдэл хийж сурсан З.Энхболд дарга мэдэж байгаа гэж найдъя.
Намын дүрэм хэрвээ өөрчлөгдсөн байсан бол Ч.Сайханбилэг ҮЗХ-г хуралдуулж зургаан сайдаа хамгаалж үлдэх боломжтой байв. Ч.Сайханбилэг сайд намын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээс зөрж намын ҮЗХ-г хуралдуулах гэж байгаа шалтгаан мэдээж тодорхой. Алтангадас фракци ҮЗХ-д ноёлдог учраас МАН-ын зургаан сайдтайгаар ажлаа хийгээд яв, намын даргын суудлыг ч өөрөө аваад яв гэсэн шийдвэрийг гаргуулж дөнгөх юм.
Харамсалтай нь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын даргын ахлах зөвлөхийн тайлбарлаж буйгаар намын дүрмэнд ҮЗХ-ыг хуралдуулах нь намын дарга эрх гэсэн хатуу дүрэмтэй учраас асуудал ҮЗХ хүртэл явахгүй болчихоод байна. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр ҮЗХ-г хуралдуулбал нөхцөл байдал яаж ч эргэж магад учир хашир улстөрч үүнийг мэдэхтэйгээ гэх.
Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг засагт хадаг бариад урьсан хүн. Эргээд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн 20 гишүүнд буулт хийж сайдуудаа оруулж ирэх нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө. Тиймээс ҮЗХ-оор бамбай хийж, төр засгийн үйл ажиллагааг тогтвортой явуулах гэсэн түүний бодлыг буруутгаж боломгүй.
Төр засаг тогтвортой байх нь юу юунаас чухал. Одоо зургаан сайдыг халж солиод үр дүн гарахгүй. Тиймдээ ч удирдсан танхимаа эцсийг хүртэл хамгаалж байгааг нь харин иргэд эерэг нүдээр харж байна. Эцсийн дүндээ МАН-ын зургаан сайд сайн муу ажилласандаа бус АН дотооддоо асуудлаа ойлголцох хэрэгтэй байгааг жирийн иргэд хүртэл ярьж байна. Хэн нь Ерөнхий сайд байх нь ард түмэнд тийм ч чухал биш. Тогтвортой байдал л чухал. Гадны хөрөнгө оруулагчид ч тогтвортой байдлыг Монголын төрөөс хүсдэг.
Засгийн газрын сайдуудыг огцруулах асуудлаар Төрийн тэргүүнтэй зөвшилцөх хууль ёсоор Ерөнхий сайд огцруулах асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн. Төрийн тэргүүн хууль ёсоор тав хоногт хариугаа ирүүлэх учиртай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч наадмын өмнөхөн улс төрийн намуудын дарга нартай уулзахдаа байр сууриа тодорхой илэрхийлсэн. “Нэгдээд нэг том эрх ашгийн төлөө яв” гэсэн байр суурьтай гэдгээ хэлсэн билээ.
Тиймээс Ерөнхийлөгч өргөн барьсан асуудлыг дэмжих үү, дэмжихгүй юу гэдэг нь нийгмийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Ерөнхийлөгчийн байр суурь нийгмээс гадна улстөрчид ч нөлөөлөх боломж бий. Ерөнхийлөгч дэмжих, эс дэмжихээс хамаарч сайд нарыг чөлөөлөх асуудал УИХ-аар орж ирнэ. Тэр тохиолдолд улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэх вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм. МАН-ын зургаан сайдыг огцруулсан тохиолдолд Монгол Улсын сайд М.Энхсайхан сайн дураар суудлаа өгнө хэмээн мэдэгдчихлээ.
Тэр тохиолдолд МҮАН-ын гишүүд огцруулахгүй гэсэн кноп дарна. МАН-ын 26 гишүүн хуралдаа суухгүй, АН-ын дотоод хагарал бидэнд хамаагүй хэмээсэн нь мөн л хуралд сууж дэмжихгүй гэсэн үг. Тэр үйлдлээ ч ээлжит бус чуулганд нэг ч гишүүн ирэлгүй, эсэргүүцсэн үйлдлээрээ харуулчихлаа. Бие даагч гурван гишүүнд сайдын суудал амлахгүй бол мөн л Засгийн газрыг тогтвортой байлгах кноп дарах нь дамжиггүй. Ч.Сайханбилэгийн тал, МҮДН зэрэг зарим фракциуд тогтвортой ажиллах ёстой хэмээн огцруулах асуудлыг дэмжихгүй байх магадлал өндөр.
Тэгэхээр дан ганц МоАХ, Шонхор зургаан сайдыг огцруулж чадахгүй учраас Шийдлийн Засгийн газрын дараагийн зургаан сайд хэн бэ гэсэн таамаг дэвшүүлэх эрт байна. АН-ын удирдах албан тушаалтнуудын л ойлголцох асуудал болохоос Ардын нам ажил хийлгэхгүй байгаа учраас зургаан сайдыг нь татах тухай яриа хэлцэл огт биш. Дахин хэлэхэд, дөрвөн жил гурван сайдаар удирдуулж, дураа хүрэхээр гаргадаг, дургүйгээ хүрэхээр хөөдөг тийм төр засгийг ард түмэн хүсээгүй гэдгийг л хэлье. Үл ойлголцол бус зөвшилцлийг чухалчлаасай.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ