“МН370”-ийн хэлтэрхийнүүд олджээ

Энэтхэгийн далайд орших Реюнион арлаас “МН370” онгоцных байх магадлалтай хэлтэрхийнүүд олдсон тухай Малайзын Тээврийн сайд Хисамуддин Хуссейн мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Өнгөрсөн долоо хоногт олдсон онгоцны далавч болон хаалга байх магадлалтай хэлтэрхийг Францын шинжээчид шинжилж, “МН370” онгоцных мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Реюнион аралд ажиллаж буй шинжээчид өчигдөр хаалга, далавч олдсон бүс нутгаас 19 км-ийн цаанаас хятадад үйлдвэрлэсэн гурван ширхэг усны сав, онгоцны угаалгын өрөөний суултуур, хөдөлгүүрийн хэсгийн сэнс болон жижиг хэсгүүдийг олжээ. Онгоцыг хайх ажиллагаанд нутгийн иргэд оролцож, онгоцноос сураг гаргахаар ажиллаж байна. Арлаас олдсон жижиг хэсгүүдийг шинжээчдэд хүлээлгэн өгчээ. Малайзын Засгийн газар Реюнион арлыг хамгаалалтад авч, нарийн мөрдлөгө явуулахыг Франц болон Австралийн удирдлагуудаас хүсчээ.
“МН370” онгоц өнгөрсөн оны гуравдугаар сард 224 зорчигч багийн 15 гишүүний хамтаар Куала Лампураас Бээжин хүрэх замдаа сураггүй алга болсон юм. Өнгөрсөн гуравдугаар сард Малайзын удирдагчид “МН370”-ийн зорчигчдыг амиа алдсан хэмээн зарласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ